Очлуурын тухай

Автомашин эзэмшигчдийн дунд нэг буруу ойлголт түгээмэл байдаг. Тэр нь асаалтын очлуурыг сольсноор шатахуун идэлтийг багасгаж хөдөлгүүрийн ажиллагааны доголдолыг арилгаж болно гэдэг бодол юм. Гэтэл маш олон хүчин зүйлээс хамаарч доголдлууд үүсдэг. Жишээ нь шатахуун идэлтэнд хамгийн их нөлөөлдөг агаар түлшний холимогийн хэмжээг компьютерт мэдээлэн зохицуулдаг хүчилтөрөгч болон яндангийн мэдрэгч байна. Тэдний доголдолтой үйл ажиллагааг мэдэлгүй асаалтийн очлуурыг солих нь байдлыг улам дордуулдаг.
Асаалтын очлуур нь хийцийн хувьд металл болон шаазанг холбосон энгийн зүйл мэт боловч хөдөлгүүрийн үйл ажиллагааны маш чухал эд анги юм. Асаалтийн очлуурыг тодорхой хугацааны дараа сольж байх сэлбэгийн ангилалд багтдаг техник үйлчилгээний сэлбэг юм.

Асаалтын очлуур ямар үүрэгтэй вэ?
Манайхны хэлж заншсанаар сэвчээ буюу Оросоор свеча Монголоор асаалтын очлуурын үндсэн үүрэг нь агаар түлшний холимогийг тэслэх зориулалтаар асаах оч хаях үүрэгтэй 2000-2500 хэм хүртэлх халуунд, 20000-30000 вольт өндөр хүчдэлийг хүлээн авч, 50кг/см2 даралтыг тэсвэрлэж хөлгүүрийн түлш болон гадагшилж буй хийн нөлөөллөөс үүсэх химийн коррозийн нөхцөлд ажилладаг эд анги юм.
Хугацааны хувьд хөдөлгүүрийн байдал, ашиглалтын нөхцөл, төв электродний төрөл зэргээс хамааран харилцан адилгүй байдаг. Автомашины очлуур үйлдвэрлэгч Японы компаниуд хэвийн нөхцөлд эвдрэлгүй хөдөлгүүрт 30 мянган километрт найдвартай ажиллахаар хийсэн байдаг.

Очлуурыг сонгох нь
Зарим хүмүүс очлуур худалдан авахдаа “цагаан алтан электродтой сайн эсвэл 2 сахалтай нь илүү” гэх мэт батлагдаагүй тодорхойлолтонд итгэж эсвэл 16 буюу 21 гэсэн резбаны хэмжээгээр сонголтыг хийдэг. Гэтэл очлуур нь тухайн автомашины хөдөлгүүрийн онцлог, хүчин чадлаас шалтгаалаад янз бүр байдаг. 
Автомашиндаа тохирсон асаалтын очлуурыг сонгохын тулд 8-10 үзүүлэлтийг харгалзан үздэг. Жишээ нь:
1.    Резьбаны хэмжээ (6 талт, 16,21 гэсэн гадна резьбаны хэмжээ )
2.    Хийцийн  онцлог /Жишээ нь өндөр нам, нарийн бүдүүн  г,м мөн электродны төгсгөлийн хэлбэр янз бүр байдаг./
3.    Халуун хүйтний зэрэг (дулаан дамжуулах үзүүлэлт*)
4.    Хажуугийн электродны бүтэц (1, 2, 3, 4 сахалтай) 
5.    Төв электродны төрөл (Энгийн, цагаан алтан, иридиум г.м) 
6.    Резьбаны урт болон диаметр ( Очлуурын зэс голны гадна байгаа резьба нь урт богино янз бүр байдаг.)
7.    Резьбаны алхамын хэмжээ 
8.    Эсэргүүцэлийн төрөл (Эсэргүүцэлтэй эсэргүүцэлгүй гэж байдаг*)
9.    Электродуудын зазорын  хэмжээ (Оч үүсэх хэсгийн зайг зазор гэх автомашины төрөлөөс хамаарч янз бүр байна./0,8 ба 1,1 г.м)
10.    Тусгай зориулалтаар /Энгийн болон өндөр хүчин чадалтай сүүлийн үеийн машин болон уралдааны автомашин г.м машины онцлогоос/

*Халуун хүйтний зэрэг тохироогүй асаалтийн очлуур сонгон авбал ямар дутагдал илрэх тухай товч танилцуулъя. Энэ хэмжигдэхүүн нь хөдөлгүүрийн цилиндр дотор байнга өөрчлөгдөж буй халуунд очлуураас үзүүлж буй хариу үйлдлийн илэрхийлэл юм.
Тоо ихсэх дутам халууны зэрэг буурч хүйтэн очлуурт ойртоно.Эдгээр тоо очлуурын үйлдвэрлэгчээс хамааран харилцан адилгүй байдаг. ”Хүйтэн” очлуур өндөр хүчин чадалтай хөдөлгүүрт болон уралдааны авто машинуудад зориулагдсан бөгөөд ”халуун“ очлуур нь бага хүчин чадалтай буюу дулааны үйлдвэрлэл багатай хөдөлгүүрт хэрэглэгддэг.

Тоо ихсэх дутам халууны зэрэг буурна.
Хэт өндөр дулааны номиналь /очлуурын дулаан дамжуулах үзүүлэлт/ бүхий очлуур сонговол температур бага байх ба энэ нь тусгаарлагч  болон электрод дээр нагар үүсэх нөхцөлийг бүрдүүлж цаашид цахилгаан гүйдэл алдагдахад хүргэдэг.
Харин хэтэрхий бага дулааны номиналь бүхий очлуур сонгоход халуун огцом өсч тохиромжтой бус асалт явагдахад хүргэдэг ба (цагаас өмнө шаталт  явагдах) энэ нь электродыг хайлахад хүргэдэг.
* Эсэргүүцэлтэй хийгдсэн очлуур гэж юу гэсэн үг вэ?/Энэ нь очлуураас үүсэх радио шуугианыг дарах үүрэгтэй 5 кОм  керамик эсэргүүцэл бүхий  очлуурыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл машины хүлээн авагч, зөөврийн утас болон электрон төхөөрөмжид үүсэх шуугианыг саармагжуулах үүрэгтэй гэсэн үг. Зураг дээр тодорхой байгаа . Зарим нэг хүн энэ эсэргүүцэл нь хөдөлгүүрийн асалт ,автомашины хурд, шатахуун зарцуулалтанд нөлөөлдөг гэж үздэг учраас эсэргүүцэлтэй очлуурыг хэрэглэх дургуй байдаг. Гэвч энэ эсэргүүцэл нь хөдөлгүүрийн ажиллагаанд огт нөлөөлдөггүй.

Асаалтын очлуурын байдлаар автомашины хөдөлгүүрийн ажиллагааг оношилж болох уу?
     Асаалтын очлуурын гаднаас нь хараад хөдөлгүүрийн үйл ажиллагаанаас гадна түүний бусад эд ангиудын ажиллагааг оношлох боломжтой. Асаалтын очлуурыг хөдөлгүүрийг удаан хугацаагаар ажиллуулсны дараа буюу хот хоорондын холын замд явсны дараа шалгах хэрэгтэй. 
Гэтэл ихэнх хүмүүс хүйтний улиралд хөдөлгүүрийг хүйтэн нөхцөлд байлгасны дараа асааж, тогтворжоогүй ажиллагааны үед асаалтын очлуурыг сугалан авч очлуурын харласан тортогийг харан буруу дүгнэлт хийх нь олонтаа. Асаалтын очлуурт үүссэн энэ хар тортог нь хөдөлгүүрийн асаалтын үед агаар түлшний холимог хэт баяжсанаас болж үүсдэг. Энэ нь ихэнх хөдөлгүүр асах үед түгээмэл тохиолддог үзэгдэл. Хөдөлгүүрийн тогтворгүй байдалд нь очлуурын өндөр хүчдэлийн утаснуудын үйл ажиллагаа доголдсон эсвэл муудсанаас болсон байх талтай. Тиймээс дахин хэлэхэд таны хөдөлгүүрийн үйл ажиллагааны байдал нэг л биш санагдаж улмаар та асаалтын очлуурын байдлаар нь дүгнэлт хийх гэж байгаа бол шинээр тавьсан очлуураар дор хаяж 250-300 км ба түүнээс дээш явсны дараа л авч үзэн ямар нэгэн дүгнэлт хийх хэрэгтэйг сануулъя. 
1-р зураг. Энэхүү зураг дээр үзүүлсэн очлуур нь хөдөлгүүрээ маш сайн ажиллагаатай болохыг харуулж байна. Төв электродын хормой нь цайвар хүрэн өнгөтэйгээс гадна тортог болон илүүдэл бүрхэлт тун бага байна. Дээр нь ямар нэг тосны үлдэц байхгүй байгаа нь энэ хөдөлгүүр хэвийн үйл ажиллагаатайг харуулж байна. 
2-р зураг. Байнгын илүүдэл түлш зарцуулдаг буюу түлш иддэг хөдөлгүүрт байсан очлуурын тод жишээг харуулсан байна. Төв электрод нь өтгөн хар тортогоор хучигдсан байна. Энэ дараах шалтгаантай байж болно. Үүнд:
•    Хэт баяжмал агаар түлшний холимогтой байна.
•    Карбюратор болон холимог зохицуулагчийн тохиргоо буруу хийгдсэн. 
•    Инжекторын үйл ажиллагаа доголдсон.
•    Агаарын шүүр бөглөрч бохирдсон.
•    Очлуурын датчик ажиллагаагүй болсноор агаар түлшний холимогийн зохицуулалтгүй болсон  гэх мэт.
3-р зураг. Энэ зурагт хэт ядуу агаар түлшний холимогоор ажиллаж байгааг харуулсан байна. Электродын өнгө нь цайвар саарлаас цагаан өнгөтэй байх ба энэ нь асуудалтай байгааг харуулна. Хэтэрхий ядмаг холимогтой, өндөр ачаалалд, удаан явах нь асаалтын очлуур болон шатах камерт хэт халалт үүсгэх гол нөхцөл болдог ба үүнээс болж гарах клапан сорогддог. Улмаар хөдөлгүүр эвдрэх аюултай.
Жич: Хэвийн хөдөлгүүрт агаар түлшний холимогийн харьцаа 14.7:1 (14.7 литр агаар,1 литр түлш) байдаг. Холимогт түлшний хувь хэвийн хэмжээнээс хэт ихэссэн үед баяжсан холимог гэж нэрлэдэг бөгөөд агаарын хэмжээ хэт их байвал ядуу холимог гэдэг.
4-р зураг. Зураг дээрхи очлуурын электродын хормой нь мэдэгдэхүйц улайсан, тоосго шиг улаан өнгөтэй харагдаж байгаа нь уг хөдөлгүүр металлын илүүдэл хольц бүхий түлшээр байнга ажиллаж байсныг харуулж байна. Ийм хольцтой түлшийг удаан хэрэглэвэл очлуур дээр металлын илүүдэл гадаргуу бүрхэвч үүсч гүйдлийн урсгал электродуудын хоорондуур биш гадаргуугаар дамжин цаашид уг очлуур ажиллахаа больдог.
5-р зураг. Очлуур нь ялангуяа резьбоны хэсэгтээ тосны ул мөр ихтэй байдаг. Ийм байдалтай очлууртай хөдөлгүүр нь удаан зогссоны дараа асаахад доголддог ба хөдөлгүүр халсны дараа үйл ажиллагаа нь тогтворждог. 
Энэ нь масло барих хамгаалалт резин буюу хуруувч резин муудсаны дохио бөгөөд үүний уршигаар тосны зарцуулалт ихэсдэг. Хөдөлгүүрийн асаалтын эхний минутад мэдэгдэхүйц цагаан цэнхэр утаа гардаг.
6-р зураг. Зураг дээрх очлуур нь ажиллагаагүй цилиндрээс авсан бөгөөд төв электрод болон түүний хормой нь дутуу шатсан түлшний хэсгүүд тосны зузаан давхрагатай холилдсон давхрагаар бүрхэгдсэн ба цилиндрт үүссэн эвдрэлийн жижиг хэсгүүд мөн холилдсон байна. Үүний шалтгаан нь аль нэг клапан эвдэрч ажиллахгүй болсон ба поршингийн кольц хугаран металл жижиг хэсгүүд клапан болон түүний үүрний хооронд орсноос болно. Энэ тохиолдолд хөдөлгүүр тасралтгүй доголдон ажиллах ба хөдөлгүүрийн хүчин чадал унаж түлшний зарцуулалт 1.5-2 дахин ихэснэ. Гарах гарц нь зөвхөн засвар хийх. 
7-р зураг. Энэ зураг дээр төв электрод нь керамик хормойн хамт бүрэн эвдэрсэн байх ба энэ нь доорхи тохиолдолд үүсэн болно. 
•    Хэтэрхий бага октан бүхий бензин хэрэглэсэн 
•    Байнгын детонацтай ажиллаж байсан.
•    Хөдөлгүүрийн асалт эртэдсэн. (Агаар түлшний холимог хэвийн хэмжээнд бүрэлдээгүй үед түрүүлж оч өгч тэслэх)
•    Гологдол брак хуурамч очлуур хэрэглэсэн.
Энэ үед тасарч унасан төв электродын хэсэг гарах клапаны доор үлдэлгүй түүгээр дамжин гарсан гэж залбирах хэрэгтэй бөгөөд хэрэв гаралгүй үлдсэн бол цилиндрийн блокын толгойн хэсгийг засах шаардлага гарч магадгүй. Энэ нь хүнээс огт хамаарахгүй явагдах учир бурханд л залбирч байхаас өөр аргагүй.
8-р зураг. Очлуурын электрод өтгөн үнсэн давхрагаар хучигдсан байх ч өнгөнд нэг их ач холбогдол өгөхгүй байж болно. Энэ нь зөвхөн хөдөлгүүрийн үйл ажиллагааг тодорхойлж байгаа бөгөөд поршингийн кольц элэгдэн муудсаныг харуулж байна. Энэ үед хөдөлгүүрийн тосны зарцуулалт хэт өндөр байхын зэрэгцээ яндангаас цэнхэр утаа гарна. Утааны үнэр нь мотоциклийнхтай адил.
Та хөдөлгүүрийнхээ тос маслыг солих бүрдээ очлуурынхаа ажиллагааг байнга шалгаж байгаарай. Энэ нь очлуурын хоорондын зайг   тохируулах, очлуур дээр үүссэн хог тортогийг цэвэрлэнэ гэсэн үг. Энэ ажиллагааг тусгай зориулалтын төмөр шёткаар хийнэ. Түүнчлэн зориулалтын бус эсвэл дуураймал асаалтын очлуурыг тавьснаараа автомашины асалт, хөдөлгүүрийн хэвийн ажиллагаа болон шатахуун зарцуулалтанд муугаар нөлөөлөхийг дахин сануулахад илүүдэхгүй бизээ.

Өмнөх
Аккумулятор
Дараах
Эйркoндишний хэрэглээ