11. Түр буюу удаан зогсох
11.1. Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй (хөвөөгүй) бол түүний зах руу аль болох шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө.
11.2. Тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн зах (эсвэл хөвөө)-ыг дагуулан зөвхөн нэг эгнээгээр цувуулан зогсоохыг зөвшөөрнө. Харин зорчих хэсгийн өргөсгөсөн талбайд цувуулахаас өөр байдлаар (бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр) зогсоож болно.
11.3. Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө.
11.4. Суурин газрын гаднахь замд амрах, хонох зэргээр удаан зогсохдоо тээврийн хэрэгслийг тусгай зориулсан талбайд, эсвэл замаас зайдуу газарт зогсооно.
11.5. Түр зогсохыг хориглох тохиолдол:
а/уулзвар, гарц дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд (тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн үргэлжилсэн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэг дээр зогсохоос бусад тохиолдолд);
б/явган хүний гарц дээр буюу түүний өмнө 5 метрээс ойр зайд;
в/чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд (тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд);
г/төмөр замын гарам дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд;
д/гүүрэн дээр болон доор;
е/хонгил дотор;
ж/гэрлэн дохио, замын тэмдэг халхлах, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт;
з/тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс үргэлжилсэн шугам (зорчих хэсгийн захыг тэмдэглэснээс бусад) буюу зорчих хэсгийн эсрэг талын зах хүртэл 3 метрээс бага зайтай газарт;
и/үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал нөхцөлд зорчих хэсэг дээр.
11.6. Удаан зогсохыг хориглох тохиолдол:
а/түр зогсохыг хориглосон газарт;
б/төмөр замын гарамд 100 метрээс ойр зайд.
11.7. Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино.
11.8. Бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглоно.
эх сурвалж: www.legalinfo.mn