5. Замын хөдөлгөөн зохицуулах дохио
5.1. Хориглосон дохиогоор жолооч "Зогс-шугам" тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно.
5.2. Энэ дүрмийн 5.1-д заасан зогсох газрыг зөвшөөрсөн дохиогоор нэвтрэн орсон жолооч уг дохио өөрчлөгдвөл аюулгүй байдлыг хангаж, явж байгаа чигтээ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Харин уулзвар дээр жолоочийн явах чигийн өмнө "Зогс-шугам" тэмдэглэл буюу 5.29 тэмдэг бүхий гэрлэн дохио байвал түүнийг удирдлага болгоно.
Зөвшөөрсөн дохиогоор явган хүний гарц руу орсон явган зорчигч дохио өөрчлөгдвөл аюулгүйн зурвас дээр зогсож дараагийн зөвшөөрөх дохиог хүлээх ба хэрэв аюулгүйн зурвасыг өнгөрсөн, эсвэл тэр нь байхгүй бол зорчих хэсгийг нэвтрэн гарахыг зөвшөөрнө.
Тайлбар: Дээрх тохиолдолд явган зорчигч аюулгүй байдлыг хангах үүднээс хөдөлгөөний эсрэг урсгалын зааг дээр зогсож зөвшөөрөх дохиог хүлээж болно.
5.3. Зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа уулзварт гэрэл дохио болон дарааллын тэмдгийн заалтыг, гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй.
Гэрлэн дохио
5.4. Замын хөдөлгөөн зохицуулахад улаан, шар, ногоон өнгийн гэрэл бүхий босоо буюу хэвтээ байрлалтай дохио хэрэглэнэ. Босоо байрлалтай дохионы гэрэл нь улаан, шар, ногоон өнгийн дарааллаар дээрээс доош, хэвтээ байрлалтай дохионы гэрэл нь мөн дарааллаар зүүн гар талаас баруун гар тийш байрлана.
Явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулахад явган хүний дүрс бүхий дээд талдаа улаан, доод талдаа ногоон өнгийн гэрэлтэй дохио хэрэглэнэ.
5.5. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио нь ногоон сум бүхий нэг буюу хоёр нэмэгдэл дохиотой, мөн ногоон гэрэл нь чиг заасан сумтай байж болно.
5.6. Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна:
а/ногоон гэрэл дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрнө. Ногоон гэрэл анивчих нь түүний зөвшөөрсөн утгыг өөрчлөхгүй бөгөөд хориглох гэрэл асах гэж байгааг анхааруулна;
б/шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно;
в/анивчсан шар гэрэл дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд тухайн уулзвар буюу явган хүний гарц зохицуулгагүй болсныг мэдээлж болгоомжтой явахыг анхааруулна;
г/улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна.
5.7. Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулна. Зүүн гар тийш чиг заасан сум бүхий гэрэл дохио нь зүүн гар тийш болон буцаж эргэх хөдөлгөөнийг зохицуулна.
Нэмэгдэл гэрэл дохио асаж байвал сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд асаагүй (гэрлэн дохионы зохицуулгатай үед) бол уг чигт хөдөлгөөнийг хориглоно. Энэ тохиолдолд үндсэн гэрэл дохио нь нэмэгдэл дохионы сум зааснаас бусад чигийн хөдөлгөөнийг зохицуулна.
Зохицуулагчийн дохио
5.8. Зохицуулагч биеийн байрлал, дохиурын заалтаар дохио өгнө.
5.9. Зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохио нь дор дурдсан утгатай байна:
а/дохиурыг өргөсөн байвал энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно;
б/дохиурыг цээжиндээ авсан буюу гараа алдалсан байвал зохицуулагчийн зүүн болон баруун гар талаас яваа тээврийн хэрэгсэл чигээрээ буюу баруун гар тийш нэвтрэх, явган зорчигч зам хөндлөн гарахыг зөвшөөрөх бөгөөд зохицуулагчийн ар, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно;
в/дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас (баруун гар буюу ар талаас) яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган зорчигч зохицуулагчийн зөвхөн ар талаар зам хөндлөн гарахыг зөвшөөрнө.
5.10. Зохицуулагч нь жолооч, явган зорчигчдод хөдөлгөөний чигийг өөрчлөх, байр эзлэх, хөдөлгөөний хурдаа хасах буюу нэмэх, тойрон гарах, зогсох зэрэг үйлдэл хийхийг заасан ойлгогдохуйц дохио өгч болно.
5.11. Зохицуулагч дохиураа тээврийн хэрэгсэл рүү чиглүүлэн зааж дохих буюу чанга яригч хэрэгслээр шаардвал уг тээврийн хэрэгслийн жолооч заасан газарт зогсох үүрэгтэй.
5.12. Зохицуулагчийн шүглийн дохио буюу бүсний анивчсан шар гэрэл нь хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг өндөржүүлэх зорилготой.
5.13. Зохицуулагчийн ойлгогдохуйц дохио нь гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэл түүнчлэн энэ дүрмийн бусад заалтуудаас давуу байна.
эх сурвалж: http://www.legalinfo.mn/