АВТОМАТ ХУРДНЫ ХАЙРЦГИЙН ТОС ХАЛААХ
Өвлийн цагт манай дийлэнх автомашин эзэмшигчид гадаа эсвэл хүйтэн гараашд автомашинаа хонуулдаг. Өглөө мэдээж гараад хөдөлгүүрээ халаадаг. Энэ үедээ ч бас автомат хурдны хайрцгийн шингэнийг халаах боломжтой байдаг.
Хий дэмий хоосон нормальдуулж байхаар кропны тосоо халаачихсан нь дээр биз дээ. Ялгаагүй л адил шатахуун зарцуулахаас хойш. Гэвч үүнийг ихэнх нь мэддэггүй юм. Автомат хурдны хайрцгийн шингэнийг халааснаар ямар нөлөөтэй вэ? гэж асууж магадгүй.
Тэгвэл шингэнийг түргэн халааснаар мэдээж түүний ажиллах чадвар түргэсэж хөдлөхөд илүү хөнгөн болно. Зууралдсан өтгөн тос нь илүү их энерги шаардах учир насосд ачаалал өгдөг.
Мөн автомат хурдны хайрцгийн тос бүрэн халахаас нааш хурдны хайрцаг хөнгөн араандаа шилждэггүй юм.
Өөрөөр хэлбэл та өглөө машинаа дөнгөж халаагаад 40 км/цагаас дээш хурдлахад 3-р араагаараа давхиад байна гэсэн үг юм. Энэ нь Over Drive (OD) товчлуурыг дарж гэрлийг асаагаагүй үед ч гэсэн ийм байна гэсэн үг. Тосыг эртхэн халаавал эрт л хөнгөн араандаа ордог болно гэсэн үг.
Автомат хурдны хайрцгийн тосыг халаахын тулд авто машины зогсоолын тоормос маш сайн байх хэрэгтэй. Муу барьдаг юм уу огт барьдаггүй бол энэ үйлдлийг хийж болохгүй юм.
- Эсвэл өөрөө дотор нь ажлын тоормос буюу хөл тоормосоо байнга гишгэж байнга суух шаардлагатай болно.
- Энэ ажиллагаа маш амархан бөгөөд та машинаа асаагаад зогсоолын тоормосоо (гишгэдэг эсвэл гараар татдаг байдаг) сайтар татаад, хурдны хайрцгийн рычагийг D юмуу R байрлалд тавих юм.
Энэ үед машин чинь урагш юмуу хойш хөдлөхөөр байвал таны зогсоолын тоормос муу байна гэсэн үг. Үйлдлийг даруй зогсоож рычагийг P байрлалд буцаах, эсвэл хөлөөрөө үндсэн тоормосоо давхар гишгэн суух юм.
Анхаарах нэг зүйл бол муу зогсоолын тоормостой юм уу дутуу татсан үед машин хөдөлж явж болзошгүй. Иймд маш анхааралтай байх хэрэгтэй. Бүүр найдвартай гэвэл дугуйнд юм ивэх, эсвэл өгсүүр талруу нь D болон R байрлалын аль нэгийг сонгох хэрэгтэй. Хугацааны хувьд хөдөлгүүр халлаа гэж үзэх тийм хугацаагаар байж болно.
Эх сурвалж: www.cardoctor.mn