Автомашины дугуй

Автомашины дугуй нь обуд болон дугуйнаас бүрдэнэ. Автомашины дугуй нь явж буй зам болон тээврийн хэрэгсэл хоёрыг холбогч гишүүн юм. Дугуй нь тухайн тээврийн хэрэгслийн явалтанд ихээхэн нөлөөтэй. Дугуйг ямар замд ашиглах, хэр зэргийн температур болон ачаалалд ашиглахаас нь хамааруулан үйлдвэрлэдэг. Жишээ нь төв европод ашиглагдаж байгаа автомашинууд нь ихэвчлэн асфальтан замд ашиглагдах ба замын гадаргын температур нь -15 °С -ээс +60 °С хооронд байна. Замуудын чийглэгийн хэмжээ харилцан адилгүй байхаас гадна өвлийн улиралд шинэ орсон цас эсвэл дагтаршсан цас болон мөсөөр хучигдсан ч байна. Онолын хувьд энэ бүх замд тохируулан хийсэн дугуй байх боломжтой. Гэхдээ үйлдвэрлэлтийн өртөг болон амьдралын хугацааг нь чухалчлан авч, аль болох өргөн хүрээг хамруулан ашиглах зорилготойгоор дараах төрлийн дугуйг үйлдвэрлэдэг.

Европын холбооны улсуудад 2012 оны арваннэгдүгээр сарын 1-с эхлэн автомашины дугуй үйлдвэрлэгчид тухайн үйлдвэрлэж буй дугуйныхаа түлшний хэрэглээ, норсон үеийн гулсахгүй байх чанар болон чимээний ангилал зэрэг мэдээллийг заавал тогтсон шошгон дээр тавих шаардлагатай болсон.

Хэрэглээгээр нь дугуйг төрөлжүүлэх нь:
Зуны дугуй:

Зуны дугуйг ямар ч цас болон мөсний гулгаатай үед хэрэглэхгүйгээр тооцон үйлдвэрлэдэг. Түүнийг хийсэн резиний хольц нь өндөр температурын халалтанд зөөлрөхгүй, мөн өндөр хурдтай явахад элэгдэл харьцангуй бага байдаг. Үйлдвэрлэгчид дугуйг үйлдвэрлэхдээ өөр хоорондоо эсрэгээр нөлөөлөх шинж чанаруудыг сонгон, тус шинж чанаруудын аль алинд тохирсон оновчтой шийдэл гарган үйлдвэрлэхийг эрмэлздэг. Үүний жишээнд дугуйн өнхрөлтийн эсэргүүцлийг аль болох багасгах, гэхдээ барьцалдаx үрэлтийн хэмжээ сайн байх (нойтон зам дээр газартай барьцалдах чанар) шинж чанар гэх мэт.

Өвлийн дугуй:
Олон улсууд тодорхой хугацаанд замын төлөв байдлаас шалтгаалан өвлийн дугуйг заавал хэрэглэх шаардлага тавих болсон.

Өвлийн дугуйг бага температур болон цас, мөстэй замд зориулан хийсэн байдаг. Түүний резиний хольц нь хүйтний улиралд хүч дамжуулахад (шүдний тусламжтай газрыг маажин) хангалттай уян налархай шинж чанартай байна. Өвлийн дугуйг M+S (англ. Mud and Snow, монг. шавар болон цас) гэсэн тэмдэгээр тэмдэглэдэг. Өвлийн дугуйг европын холбооноос 1992 онд тодорхойлсон тодорхойлолтод: <<"M+S" тэмдэгээр тэмдэглэсэн өвлийн дугуйны газартай харьцаx эргэлтийн талбайн хээ болон бүтэц нь цас болон шавартай замд зориулагдсан учир хэвийн дугуйнаас илүү явалт- болон зүтгэлтийн шинж чанарыг үзүүлэх ёстой. Мөн түүний хээ нь хэвийн дугуйнаас өргөн, хээ хоорондын зай томтой байхаас гадна хээний гүн нь бас гүн суусан байх шаардлагатай">> хэмээн тодорхойлжээ. 

Хэдийгээр "М+S" дугуйг ийнхүү тодорхойлсон боловч (2013 оны байдлаар) ямар нэг хуулиар хамгаалсан "хээтэй" өвлийн дугуй байхгүй учир хальтиргаа гулгаатай замд ашиглахад тохиромжгүй дугуйнд ч энэ тэмдэгийг хэрэглэсэн байдаг. Дан ялангуяа америкийн болон хятадын дугуйн үйлдвэрлэгчид энэ тэмдгийг зуны дугуйнд ч бас хэрэглэсэн байдаг аж.

Уул болон цасан ширхэг бүхий тэмдэгийг америкийн зам тээврийн байгууллага нь цас болон шавартай замд туршилт хийн, харьцуулсан дугуйнаас хамгийн багадаа 7%-ийн зүтгэлтийн шинж чанараар илүү тохиолдолд тус тэмдэгээр тэмдэглэдэг байна. Өвлийн дугуй нь зуны дугуйтай харьцуулахад түүний хээ нь хавьгүй олон байхаас гадна нийт хээний харьцах ирмэгийн урт зуны дугуйны харьцах ирмэгийн уртаас хамаагүй их байснаар сул газарт илүү барьцалдаx шинж чанарыг үзүүлдэг.

Хүйтний улиралд, гэхдээ хуурай цаг ууртай байх үед дугуйны даралтыг 0,2-0,3 бар даралтаар илүү хийлж явах шаардлагатай бөгөөд үүний учир нь үйлдвэрлэгчийн тооцоолсон, явалтын үед халалтаар үүсэх даралтын хэмжээг зунаас дугуйнаас хамаагүй бага авсантай холбоотой байдаг. Харин цас болон шавартай замд мэдээжийн хэрэг дугуйн хийний даралтыг багасгах ёстой.

Цөөн тооны бартаат замын тэрэг нь гулгаатай болон шавартай замд явахдаа дугуйныхаа хээг автоматаар тохируулах системтэй байдаг. Ер нь автомашиныг элс эсвэл шаварт суусан тохиолдолд хөтлөх дугуйны хийг багасгах нь тус болох талтай.

Зуны дугуйг бодвол өвлийн дугуй нь тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд заасны дагуух хурдны индекс бүхий дугуйнаас бага хурдны индекстэй дугуйг хэрэглэж болдог. Гэхдээ энэ тохиолдолд "M+S" гэсэн тэмдэгтэй дугуйг ашиглах зүйтэй (дөрвөн улирлын дугуй үүнд орохгүй). Ингэж хэрэглэсэн тохиолдолд жишээ нь германд хянах самбарын ойролцоо цагаан дэвсгэр дээр тухайн дугуйны явж болох дээд хурдыг бичсэн наалдагч цаасыг наадаг. Хурдны дээд хязгаар бүхий хурдны замтай бусад улсуудад ийм тэмдэглэгээг хурдны замын дээд хязгаарын тэмдэглэгээ болгон наах тохиолдол ч бас бий.

Хамгийн түгээмэл өвлийн дугуйны хурдны Т ангилалаас (190 км/ц хүртэл) илүү хурдны ангилалын U, H, V (цөөн тохиолдолд W=270 км/ц хүртэл) тэмдэглэгээтэй дугуйнуудыг бүх төрлийн хэмжээстэйгээр санал болгодог. Өвлийн дугуйг зун болон цасгүй, хуурай асфальтан зам дээр ашиглахад маш хурдан элэгддэг. Мөн түүнчлэн зуны дугуйнаас илүү урт тормосны замтай байх гэх мэт муу талтай.

Автомашины олон клуб болон холбоод нь өвлийн дугуйг зургаан жилээс илүү настайг аль болох ашиглахгүй байхыг зөвлөдөг ба учир нь жил өнгөрөх тусам өвлийн дугуйны резиний хольц нь хатуурсанаар барьцалтын шинж чанараа алддаг аж. Өвлийн дугуйны хээ нь нимгэрэхэд мөн л барьцалт муутай байх учир Австри улсад өвлийн дугуйны хээний гүн нь хамгийн багадаа 4 мм байх ёстой хэмээн шаарддаг байна. Хэрэв 4 мм-ээс бага хээтэй бол зуны дугуйнд тооцдог.

Дөрвөн улирлын дугуй: 

Дөрвөн улирлын дугуйг өвөл, зуны улирлын аль алинд нь хэрэглэж болохоор тооцон хийдэг. Энэ төрлийн дугуйг өвөл зуны температурын ялгаа багатай улсуудад хэрэглэнэ (жишээ нь Их Британи, Герман зэрэг улсуудад ихээхэн тархсан байдаг бол, Альпийн нурууны улсуудад огт хэрэглэдэггүй). Дөрвөн улирлын дугуйны хээ нь хоёр өөр төрлийн хээний хослол байх ба өндөр температур болон нойтон замд шаардагдах уртаашаа байрлалтай хээ мөн цас мөстэй замд барьцалдалт өгөх гүн шүднүүдтэй байна.

Дөрвөн улирлын дугуйг хэрэглэсэнээр жилд өвөл зуны дугуй солих ажил үгүй болно. Ийм төрлийн дугуйг жилдээ явалт багатай автомашинд хэрэглэхийг зөвлөдөг.

Өвөл зуны дугуйны хослол учир, сайн өвлийн дугуйтай харьцуулахад цасанд муу, зуны улиралд түүний зөөлөн резиний хольцоос хамааралтай элэгдэл ихтэй байхаас гадна түлшний хэрэглээ өндөр байна. Гэхдээ зарим нэг цасны тэмдэгтэй дөрвөн улирлын дугуй нь цас, шаварт зүтгэлт сайтай дугуйнууд ч бий.

Ослын гүйлттэй дугуй: 
2000 оноос хойш ослын гүйлттэй дугуй гарсан. Энэ дугуй нь дугуй хагарсан тохиолдолд цааш явах боломжийг олгох ба 80 км/ц хүртэл дээд хурдтайгаар 80-300 км зайг туулах бололцоотой. Энэ төрлийн дугуй нь үйлдвэрлэгчээс тогтоосон товчлолтой байх ба үүнд жишээлбэл ROF, RFT, EMT (Extended Mobility Tire), RSC (Runflat System Component), SSR (Self-Supporting Runflat Tire), ZP (Zero Pressure), DSST (Dunlop Self Supporting Technology), BSR (Bridgestone Support цагираг) эсвэл PAX (Michelin тулагч цагираг) гэх мэт тэмдэгээр тэмдэглэсэн байдаг.

Хадаастай дугуй:

Мөстсөн замд хадаастай дугуй хэрэглэх нь автомашин гулгахаас сэргийлэх сайн арга боловч замын гадаргууг маш ихээр элэгдэлд оруулдаг муу талтай учир европын зарим улсуудад зөвхөн тодорхой зөвшөөрсөн цаг үед болон тодорхой хурдтайгаар хэрэглэх эсвэл бүр хориотой байдаг.

Австри улсад хадаастай дугуйг хот суурин газар дээд тал нь 50 км/ц хурдтай хэрэглэх ба харин хот хоорондын замд 80 км/ц, хурдны зам дээр 100 км/ц-с илүү хурдтай явахыг хориглодог. Үүнээс гадна зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл хадаастай дугуйг хэрэглэх хориотой. Хадаастай дугуй хэрэглэx үеэр тусгай наадаг тэмдэгийг автомашины арын хэсэгт танигдахаар нааж хэрэглэх ёстой байна.

Швейцарь улсын хувьд энэ дүрэм нь Австри улстай бараг адил боловч хурдны зам дээр ашиглахыг хорисон байдаг аж.
 

 

 

Өмнөх
Урд тэнхлэгийн дээд, доод өндгөн тулгуур...
Дараах
Дугуйн хэмжээс түүний тэмдэглэгээ