НүүрFAQ Ерөнхий мэдлэг

​Хөдөлгүүр, хүч дамжуулах анги

Оршил: Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл нь улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино. Техникийн улсын үзлэгт зохих журмын дагуу ороогүй тээврийн хэрэгсэл болон тоормосны систем, жолооны механизм, дугуй, гар тоормос, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, гэрэлтүүлэх хэрэгсэл, бүхээг, тэвш, нэмэлт төхөөрөмжинд ямар нэг эвдрэл гэмтэл тохиолдвол тухайн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно. Замын хөдөлгөөнд оролцож буй аль ч улсын тээврийн хэрэгсэлд тавих нийтлэг стандарт нь АНУ, Герман (одоо Европын нэгдсэн улсын), Япон, зүүн азийн гэх мэтчилэн байхаас гадна, үйлдвэрлэгч болон мөн импортлогч улсууд өөрсдийн стандартыг батлан гаргадаг ажээ. Стандартад тээврийн хэрэгслийн оврын хэмжээнд болон зарим хийцэд хязгаарлалт хийдэг байна. Манай улсад тээврийн хэрэгслийн хэрэглээний үзүүлэлтүүдийн тооцоо, ерөнхий шаардлага, тээврийн хэрэгслийн дуу чимээний түвшингийн, тээврийн хэрэгслийн хорт хийг хэмжих арга зэрэг стандартууд мөрдөгдөж байна. Мөн аль ч улс тодорхой хугацаанд техникийн үзлэг тогтмол явуулж хөдөлгөөний аюулгүй байдал, экологитой холбогдсон агрегат, зангилгааны техникийн байдал, үзэмжинд зохих хууль тогтоомжийн дагуу үзлэг хийж, тооллого бүртгэл явуулж цаашид тодорхой хугацаанд хөдөлгөөнд оролцох эрх олгодог.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ, техникийн зөрчил:
 
Хөдөлгүүр, хүч дамжуулах анги:
- Хөдөлгүүрийн утаа, түүний найрлага дахь хорт хийн хэмжээ улсын стандартад заасан хязгаараас хэтэрсэн.
Автомашины хөдөлгүүрийн утааны найрлагад хүний биед хортой 40 гаруй төрлийн бодис байдгийн дотор хамгийн их хэмжээтэй болон аюултай нь нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хий юм. Монгол улсын стандартад уг хийн хэмжээг 1.5 %-аас ихгүй байхыг заасан юм. Хорт хийн хэмжээ нь хөдөлгүүрийн элэгдэл, асаалтын болон тэжээлийн системийн тохируулгаас ихээхэн хамаардаг. Хэмжилт хийх үеийн тахир голын эргэлт минутад 2000 байх ёстой.
Дизель хөдөлгүүртэй автомашины ашиглалтын үеийн хөөний хэмжээ хамгийн их эргэлтийн үед 15 %-аас ихгүй байна.
- Тэжээлийн системийн битүүмж алдагдсан, шатах, тослох материал гоожсон.
Энэ нь доорхи сөрөг нөлөөтэй учир хязгаарладаг юм.
1. Байгаль орчныг бохирдуулна.
2. Асфальтан зам талбайн бат бэхийг муутган улмаар эвдрэлд хүргэнэ.
3. Эдгээр бодис нь ууршимтгай учир хүний организмд муугаар нөлөөлнө.
4. Автомашины дугуйд шингэж, түүний элэгдлийн эрчмийг түргэтгэнэ.
5. Замын гулсамтгай чанарыг нэмэгдүүлнэ.
6. Галын аюулд хүргэж болзошгүй.
- Яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон.
Хөдөлгүүр ажиллана гэдэг нь цилиндрт гаднаас хий хүчтэйгээр сорох, шатсан хийг гадагш шахаж гаргах нийлмэл процесс бөгөөд даралттай хийнээс өндөр давтамжтай дуу чимээ гардаг учир тусгай дуу намжаагуур тээврийн хэрэгсэл бүрт тавьдаг ба тэр нь гэмтсэнээс маш их дуу чимээ үүсэж орчин тойрон, жолоочийн ажиллах чадвар, эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг.
- Хурдны хайрцгийн араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг.
Хөдөлгүүрээс гарсан эргэлт мушгих моментийг өөрчлөхийн тулд 3-5 заримдаа түүнээс ч илүү шатлал бүхий замын нөхцөлд тохируулан сэлгэн залгах хурдны хайрцгийг тавьдаг юм. Гэтэл хурдны хайрцгийн арааг сэлгэн залгахад хүндрэлтэй буюу явж байгаад өөрөө салдаг нь ялангуяа өгсүүр уруу замд автомашиныг хөдөлгүүрээр тоормослох ажиллагаа алдагдаж тээврийн хэрэгслийг өнхрүүлэн алдаж осолд хүргэх аюултай.
- Кардан гол цавтай, савалгаатай, Кардан гол нь хурдны хайрцгаас ерөнхий дамжуулгад эргэлт дамжуулдаг эд анги бөгөөд туйлын сайн тэнцвэржүүлсэн байдаг юм. Ашиглалтын явцад чагтан гол, горвин холбооснууд элэгдэн савлаж эхэлдэг. Энэ нь автомашинд доргих чичиргээ бий болгож, хөдөлгөөний явцад кардан голын эргийг суллах, улмаар салж унан тээврийн хэрэгслийг онхолдуулж ч болох юм. 

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×