НүүрFAQ Ерөнхий мэдлэг

Toyota Crown 180 бүтэн шинэчлэгдсэн загвар

Энэ 180 загвараас алдарт Краун маань эргээд бөмбөгөр загвартай болжээ. Хоёр бүтэн үе гаргаснаараа мэдээж дөрвөлжин стиль сонирхогчдын хүслийг хангасан гэж ойлгож болно. Тиймээс бөмбөгөр болж орчин цагтайгаа хөл нийлүүлж эхэлсэн. Энэ загвараас эхлээд хуучны Крауны гэх юм юу ч үлдсэнгүй, хөдөлгүүр, кроп, явах анги тэр чигээрээ шинэчлэгджээ. 20 илүү жилийн түүхтэй алдарт 1G, JZ серийн хөдөлгүүрүүд ор сураггүй болж орхив. Түүний оронд 2.5 литр, 3.0 литр, 3.5 литрийн GR серийн V6 хөдөлгүүрүүд ноёрхож эхэлсэн юм. V6-д шилжсэнээр хүчин чадал нэмэгдүүлэх, моторын хэсгийн зайг хэмнэх гэсэн зорилготой юм болов уу даа. Эсвэл цуваа 6 цилиндртэй хөдөлгүүрийн оргилд хүрсэн үү, уйдсан уу бүү мэд. Гэхдээ V6 хөдөлгүүрийн туршлага байхгүй гэвэл алдас болох байлгүй. Байгаа учраас л хийж байгаа юм. Гэхдээ бүүр топ загвартаа тавина гэдэг бүүр ч илүү найдвартай байх ёстой. Бүх юм шинэчлэгдсэн учраас нэг ёсондоо доголдол гаргахыг үгүйсгэж болохгүй. Цаашдаа дараа дараагийн загварт дутагдлууд засагдаж явсаар байдаг жамтай. Тиймээс 180 Крауныг төгс болсон байна гэхэд арай л эрт юм. Хувилбаруудын нэрийн тухай яривал 170 загварт гарч байсан хувилбарууд тэр чигтээ гарсан ба Royal Saloon G нь хамгийн дээд, Athlete нь спорт сонголт юм. Дотроо бас хэд хэдэн дэд хувилбарууд болно. Яг энэ 180 загвараас эхлээд Японд алдартай Рояал загварууд зүүн талдаа рультэйгээр урд хөршид үйлдвэрлэгдэж байгаа. Бүүр хятад нэртэй яг адил ч бий. Нууцгүй хэлэхэд хятадад хийж байгаа нь манай Монголд тохирохоор юм билээ.

Toyota Crown 180 бүтэн шинэчлэгдсэн загвар 35
Toyota Crown 180 бүтэн шинэчлэгдсэн загвар 36
Салоны хувьд хар хүрэн, мебель гэсэн 2 хувилбартай.

Toyota Crown 180 бүтэн шинэчлэгдсэн загвар 44
Toyota Crown 180 бүтэн шинэчлэгдсэн загвар 45
Шаталсан замтай хурдны хайрцаг, руль дээрээс тохиргоог өөрчлөх боломжтой.

Хойд суудал давчуу, кардан гол болон яндангийн байршлаас болж шал хэт төвийсөн. За одоо бүгдээрээ салон доторхыг сонирхъё. Краун гэсэн имижийг илтгэх ганц зүйл үлдсэн нь салхи үлээх чигийг автоматаар өөрчлөн үлээх голын дээд нүх байв. 170 Краунаас эхлэн өөрчлөгдсөн дэлгэгддэг уламжлалт голын хайрцаг бас л хийгдсэнгүй. Салоны өнгө саарал болон шаргал гэсэн 2 сонголттой ба шаргал салон мебель оруулгатай нь тансаг мэт харагдуулна. Харин саарал салон, чулуун саарал өнгөтэй оруулгатай нь салон хүйтэн санагдана. Мэдээж салоны тоноглол хэрэглэлүүд нь хийцийн хувьд бол сайн. Гэвч урд саравчны тольтой гэрэл бүх хувилбарт хийгдэхээ больсон нь харамсалтай. Энгийн Королланы саравч шиг санагдав. Хэдий кабин урт болсон боловч тэр нь суудал хэсэгтээ нөлөө үзүүлж чадсангүй. Урд, хойд, дунд баганууд маш бүдүүн хэзээ ч нугарахгүй мэт харагдавч энэ бол зөвхөн хоосон зай гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүний нэг адил салоны зайн ихээхэн хэсгийг хаалганы зузаан самбар хороож байгаа юм. Урд суудалд суухад намхан оргиод энэ Краун байна гэх мэдрэмж чүү ай л мэдрэгдэнэ. Яагаад гэхээр урьдын Краунуудын суудал өндөр байрлалтай байсан юм. Түүнээс гадна урд шилийг их налуулсан нь дээд хүрээ нь бараг л нүдэн дээр ирэхээр болж. Бөгтөрдүү суувал таарах юм байна. Крауны урд суудал бол биерхүү махлаг хүнд бол үнэхээр давчуу санагдана. Урд талаас хянах самбар, хажуунаас хаалга, нөгөө хажуугаас голын хайрцаг шахаад нэг л бие баригдсан мэт. Энэ 180 загвар дээр ажилласан япончууд гэж үнэхээр жижигхэн бөгөөд өөрсддөө тааруулсан бололтой. Эсвэл спорт машин хийх гэсэн юм болов уу гэмээр. Суудлууд нь хэдий хийц загвар сайтай ч суух талбай, арын түшлэгийн өндөр багатай. Хойд суудалд суухад шууд л тааз, хажуу багананд толгой шүргэнэ. Голд нь суувал байдал тун хүнд, бөхийж суух хэрэг гарна. Хойно ерөөсөө л 2 хүн суухаар. Хойд хаалганд байрлах шил буулгах товчлуур гарын хуруун доор биш бугуйн доор таараад гараа их эвгүй нугалж байж дарах жишээтэй. Гараа хойшлуулах гэхээр тохой суудлын түшлэгт тулаад байгаа юм чинь өөр яах юм бэ. Краун гэхэд арай ч дээ гэмээр зай багатай болсон нь харамсалтай. Жижигхэн япон захирлууддаа таарсан эд болж. Бусдаар бол дажгүй. Хойд тээшний хэсэг боломжийн зайтай, гэхдээ учиргүй том гэж хэлж чадахгүй. Хойд ширдгэн доогуурх хуванцар таг энэ тэр бол хэрэглээ талаасаа авч үзвэл сайн болсон.
Toyota Crown 180 бүтэн шинэчлэгдсэн загвар 48
Toyota Crown 180 бүтэн шинэчлэгдсэн загвар 53
Гадна загвар сайтайг бодоод, дотор салон давчууг мартаад аваад уналаа гэж бодоход дараагийн зовлон бас их байна аа. V6 шинэ хөдөлгүүр нь бүгд D4 шууд цацалтын системтэй болохоор бензин голно гэж учиргүй, тиймээс өндөр октантай үнэтэй бензин хэрэглэнэ. Нөгөө талаар өндөр даралтын насос нь эвдрэл бага харьцангуй сайн болсон. Гэвч нөгөө шууд цацалтын шаталтаас үүсэх тортог манайхны нэрлэдгээр яндангийн мэдрэгч гэгчийг нь бохирдуулаад бензинийг залгих шиг болно. Тэрхүү мэдрэгч нь ядаж байхад үнэтэй, 300 доллар гарах байх. Тэгээд бас болоогүй 2 ширхэг байлуу даа. Бас нэг эвдрэл түүний шинэ автомат кроп нилээдгүй эвдрээд байгаа. Шалтгаан нь кропны удирдлагын хэсгийн гажиг гэхүү, программын алдаа гэхүү нэг тиймэрхүү зүйлээс болоод байгаа юм. Өөр нэг шаналал нэмэгдсэн нь цахилгаан рулийн аппарат. Цахилгаан хөдөлгүүр гэнэт ажилгүй болж хүндрэх асуудал. Уламжлалт гидр руль аажимдаа шингэн нь алдагдаж шингэн нэмж бариад яваад байдаг бол цахилгаан аппарат шууд л таг болж руль хүндрээд ирнэ.
Toyota Crown 180 бүтэн шинэчлэгдсэн загвар 56
Тиймээс би хол газар хурдтай явахаас жаахан айж байна шүү. Эсвэл цаг тухайд нь шалгуулж солиулж байх хэрэгтэй ч юм уу. Монголд хуучин явсан Краун 180 ирдэг болохоор энэ хэсгүүдийг анхаарч байхад илүүдэхгүй. Гэхдээ энэ загвар бол бүх юм нь шинэчлэгдсэн цоо шинэ эд учраас алдаа оноо байлгүй яахав. Яваандаа улам сайжирсан байна гэдэгт итгэх хэрэгтэй. Эцсийн эцэст хэлэхэд Крауныг өмнөхтэй нь жишиж ярилаа. Мэдээж дээд ангиллын гэдэг утгаараа японы захиралууд, чинээлэг давхаргынхны унаа гэдгээрээ бусдаасаа олон талаар илүү юм шүү. Нэгэн хэрэглэгчийн сэтгэгдэл Би Тоёота Краун Atlete GRS 182 кузовтой, 3GR-FSE 256 морины хүчтэй 2005 оны машинтай байсан. Энэ машиныг 2008 оны эцсээр 50,000 орчим км гүйлттэй байхад нь худалдан авсан юм. 2 сарын өмнө 70,000 гаруй км гүйлттэй байхад нь худалдсан бөгөөд жил гаруй унаад зарсан юм. Анх би энэ машины гадаад үзэмжид татагдсан. Машины гадна тал бусад машинаас онцгой ялгардаг байв. Зууван хэлбэртэй арын 2 гэрэл нь үнэхээр сэтгэл татаж байсан юм. Хотод ийм машин төдийлөн их болоогүй үед хажууд зогссон машинууд миний машинд анхаарлаа хандуулдаг тийм л онцгой загвар байсан юм. Энэ машины зарим онцлогийг дурдъя. Түлхүүргүй асаалтын систем буюу “Smart Start & Smart Entry” системтэй тул товчлуур дарж асдаг. Улмаар машинд дөхөж очиход хаалганы бариулд хүрэхэд чамайг мэдэрч хаалга нээгддэг. Суудалд сууж, тоормозны гишгүүрийг гишгэж, асаах товчлуурыг дарахад хөдөлгүүр асах бөгөөд энэ бүгд нь шинэлэг системийн давуу тал юм. Улмаар AFS систем нь жолооны хүрдний эргэлтээс хамааран гэрлийг чилүүлэн эргэлтийн цаад талыг харах боломж олгодог. Товчлуурууд нь хүрэхэд эвтэйхэн, зарим нь жолоон дээр байрласан байдаг. Өвөл салон хурдан дулаан болдог, гэвч агааржуулагчийг хамгийн их дээр нь тавьсан ч намуухан ажилладаг. Агааржуулагчийн автомат горим нь өвөл ч зун ч салон дотор тогтмол темпратурыг барьдаг. Харин суудлын бүрээсний байдал дунд зэргийн чанартай. Мөн салоны доторлогоо жигд бус, зарим газар нь сайн үнэтэй материал байхад, зарим газар сайн биш пластик ашигласан байх жишээтэй. Өвөл халаагаагүй салонд ямар нэг дуу чимээтэй, панелийг наахаар дуу чимээний 80% алга болдог, салон дулаан болсон үед ерөнхийдөө чимээгүй болчихдог. Энэ төрлийн Краун нь GR серийн 3 төрлийн хөдөлгүүртэй бөгөөд 2.5 литрийн 215 морины хүчтэй хөдөлгүүр, 3.0 литрийн 256 м.хүчтэй хөдөлгүүр, 2006 оноос 3.5 литрийн 315 м.хүчтэй хөдөлгүүрийг ашиглаж эхэлсэн байдаг. Бүх хөдөлгүүрүүд түлшний шууд цацалттай D4 системийг ашигласан байдаг. Хуучин унаж байсан домогт найдвартай JZ серийн мотороос миний хувьд танил биш GR мотор луу шилжих нь сэтгэл догдлуулсан зүйл болсон юм. Шинэ машины найдвартайд эргэлзэх хэрэггүй байж дээ хэмээн сүүлд нь бодож байсан юм. Миний хувьд хамгийн хүйтэн өвөл ч (хасах 42 градус) ямар ч халаалтгүйгээр асдаг нь намайг баярлуулдаг байв. Би турбо хөдөлгүүртэй Марк II-аас Краунд шилжин суусан учир машины хүчин чадал намайг гонсойлгож байсан. Гэвч анхны километрээс онцын ялгаа байхгүйг мэдэрсэн. Краун нь турбо Mark II-аас арай удаан, Аристо-ийн түвшинд явдаг. 100 км/ц хурд автал 7 секунд шаардлагатай ба хотод 98 бензинээр 11-13л/100км шатахуун зарцуулдаг. Гэрийн 2 дахь машин болох Харриер мөн л ижил нөхцөлд 18-20л/100км-т шатахуун зарцуулдаг. Краун Атлет-ийн спорт төрлийнх бөгөөд дугуй томтой тул муу замд болгоомжтой явах шаардлага гардаг. Жолоодоход хялбар, гэвч замын овон товонд бага зэрэг донсолдог байсан.
Автомашин сонирхогч Р.Энхболд
Эх сурвалж: www.cardoctor.mn




 

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×