НүүрFAQ Автомашины ерөнхий мэдлэг

Toyota Camry

2001-2006 оны хоорон үйлдвэрлэгдэж байсан. 2004 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэн урд нүүр, их гэрэл, бампер, хойд гэрэл, хянах дэлгэц шинэчлэгдэн, автомат хурдны хайрцаг нь 4 шатлалаас 5 шатлалтай болсон.
Жолоодлого: Жолоочийн суудлын ерөнхий  байрлал өндөр, зам харагдах байдлаараа сайн. Суудлын өндөр нам, рулийн өндрийг тохируулдаг.  Хянах самбарын харагдалт, тодролт шинэчлэлтийн өмнөх үеэс илүү сайжирсан байна. Хамгийн багадаа 20, 30, 40, 50км/ц гэсэн хурд дээр харгалзан 2.3.4.5-араа руу шилжиж байв. Хөдөлгүүрийн дуу бага сонсогдоно. Явдлын хувьд зөөлөндөө орно. Гэхдээ Toyota Crown-аас зөөлөн биш. 2.4 литрийн 4 цилиндртэй  VVT-i хөдөлгүүр нь хүчний хувьд хангалттай, яг энэ автомашины хувьд дээд хурд нь 215 км/ц. Японоос ирсэн нь 180 км/ц-аар хязгаарлагддаг. Шулуун замд явах хамгийн тохиромжтой хурд нь 120 км/ц. Дээд хурданд арай хүргэж үзсэнгүй. Өнхрөлт сайтай, нэг хүчийг нь авхуулахад өнхөрсөөр байгаад дараагийн уулзвар хүрчихнэ. Хотын нөхцөлд  бөглөрөөтэй замд 100км-т 12 литр, сийрэг замд 10л, шулуун замд 6.5-7.5 литр бензин зарцуулдаг нь ийм хэмжээний хөдөлгүүрт хангалттай хэмнэлттэй үзүүлэлт гэж бодлоо.



Тав тух:. За одоо уг машиныхаа тав тух, салоны талаар жаахан дурдъя. Салоны зайн хувьд өөрийн ангиллын седан машинуудын байж болох уужим зайтай. Урд болон хойд  талын суудалд 180- аас дээш өндөртэй хүмүүс урд суудлыг нээх урагшлуулаад байхгүй суучихна. Өвдөг тулаад байхгүй. Тааз өндөртэй тул бусад седаныг бодвол харьцангуй дээр суулттай.  Арын голын зорчигчийн толгойн түшлэг, суудлын даруулгатай. Яг энэ хувилбарт агааржуулагчийн удирдлага ойлгомжтой, хөл, шил , цээж рүү үлээх гэсэн товчлуурууд тусдаа учир анхаарал бага суларна. Харин температурыг нэмж хасахад даралттай дижитал учраас жаахан хугацаа зарцуулна. Сэнсний болон температурын товчлуур том, олоход амар. Харин унтраах товчлуур арай жижиг санагдлаа. Гэхдээ дасаад ирвэл хэцүү биш. Арын зорчигчдод зориулсан эйркондишний үлээх нүхтэй. Урд талын агаарын урсгал хойшоо дамжиж байгаа учир урд талаас арай сул, гэхдээ сэнсийг нэмээд урд үлээх нүхний хаалтыг дунд байрлалд болговол арагшаа жигд хүйтэн үлээнэ. Бас халуун агаар хөлрүү болон дээгүүр үлээдэг. Арын зорчигчийн ундааны тавиур тохойвчийг буулгасан үед хэрэглэж болно. Ард 3 хүн суувал яах юм бол мэдэхгүй.  4 хаалгандаа хармаатай нь элдэв зүйл хийхэд тохиромжтой. Харин хаалганы татуургууд нь амархан суларч хаалга тогтохгүй байх  талтай бөгөөд түлхүүр нь чиптэй учир хаясан тохиолдолд шинээр хийлгэхэд 600 мянга, хувилуулахад 200 мянга болох нь жаахан үнэтэй. Одоо тээшний хэсэгрүү оръё. Тээшийн хэсэг хангалттай том, Ландны 2 дугуй чөлөөтэй багтана. Яг энэ машин нь европ стандартынх учир нөөц  дугуй нь жижиг шар аваарын дугуй биш бусад 4 дугуйтай ижил  байгаа нь авууштай. Дээд таг нь картон байгаа нь жаахан хэврэг санагдлаа. Харин дэсвгэр нь яагаад ч юм 2 см орчим зузаан биетэй байв. Багаажны доод хөндийгөөс ирэх дууг багасгахаар тэгж хийсэн байх. Салоны дотороос жолоочийн талаас 4:6 гэсэн харьцаагаар арын суудлын түшлэг унаж багаажтай холбогдоно. Ингэснээр 2 метр орчим урттай банз мэтийн зүйл аччихаар. Ийм суудалтай машин өвөл арын суудлаас хүйтэн орж ирээд байдаг, дулаалбал зохилтой.

Урд хянах самбар болон голын хэсэг, хаалганы хэсэгт дубэн оруулгатай

Хойд суудлын зай өвдөг тулхааргүй

Энгийн дугуйтай ижил нөөц дугуйтай 215/65R16

Тоноглол. Хувилбараасаа шалтгаалж янз бүрийн тоноглол байдаг ба яг энэ машины тоноглолыг харцгаая.  Юуны өмнө борооны мэдрэгчтэй шил арчигчтай. Автомат горимд ажилладаг. Гар удирдлага байна. Урд хоёр суудал халаагч энэ бол өвөл зайлшгүй хэрэгтэй зүйл. Гэрлийн тусгалын түвшинг  5 байрлалд тохируулснаар их ачаатай үед бөхийлгөж зам руу тусгах нь зүгээр санагдлаа. Урд хоёр суудалд хажуугийн аюулгүйн дэртэй. Хөгжмийн тохируулгыг руль дээрээс удирдаж болно. Хөгжмийн дуугаралт сайн, нам буюу bass гаралттай. Урд хаалганд 2, хойд цонхны тавцанд 2 bass спийкер, урд хянахын 2 буланд нарийн дуугаралтын 2 жижиг, нийт 6 спийкертэй. Хойд хаалганд хармаа хийсэн учир спийкер суурилуулаагүй. Рулийн баруун гар талд байрлалтай товчлуураар цаг, гадна температурын мэдээлэл авч болно. Мөн шатахуун зарцуулалт, дундаж хурд, жолоодсон цагийн талаар мэдээлэл авч болж байв. Мөн саравч бүрт тохируулгатай гэрэл, урд суудлын хос жижиг гэрэл нь хангалттай. Бас нэг хэлэх зүйл бол 12 вольтийн гаралт. Тамхины асаагуурт нэг, урд голын хэсэгт нэг, дунд хайрцаг дотор нэг, нийлээд 3 ширхэг байгаа нь олзуурхууштай.

Сэлбэгийн олдоц. 2AZ-FE VVT-i хөдөлгүүр нь Camry, Harrier, Estima, Kluger, Ipsum, Gaia, Vanguard, RAV4 гэсэн загваруудад нийтлэг учир хоорондоо таарна. Олон оронд борлогддог тул гадна гэрэл дохионы хувьд хаанаас ч захиж болно. Явах ангийн жижиг сажиг резинүүд олдоно. Өндгөн тулгуур нь гараасаа салдаг учир заавал гартай нь авах шаардлагагүй. Оригналь амартизатор нь 200 гаруй мянгын үнэтэй. Хуучин нь 100 мянгад олдоно.

2.4 литрийн 2AZ-FE VVT-i хөдөлгүүртэй

Автомашин сонирхогч Р.Энхболд

 

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

8989
2017-03-22 17:16:51

үнэхээр тухтай, бензин зарцуулалт боломжийн, бүх талаараа таалагдсан. миний толь хагарчихаад байгаа, жижиг, сажиг сэлбэг зарах хүмүүс сэтгэгдэл үлдээгээрэй. баярлалаа. нэмж хэлэхэд спорт амортизатортай бол тасарна, би 180 км/цаг хурдалж үзсэн, бамбалзжийлээ

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×