Өмнөд Солонгосын "Hyundai" корпорац Millennial болон Gen Z хэрэглэгчиддээ зориулан өөрийн өвөрмөц 5000 "NFT"-г гаргаж, үнэгүй бэлэглэж байна
Дэлхий дахин NFT-рүү шуурч байгаа энэ цаг үед автомашин үйлдвэрлэгчид ч энэ моданаас хоцорсонгүй. Автомашины салбартаа харьцангуй залууд тооцогддог "Acura" моторс "Integra" машин худалдан авсан 500-н хэрэглэгчиддээ тусгай NFT-г бэлэглэж энэ салбартаа анхдагч болж чадсан. Дараа нь уламжлалыг сахигч "Bentley"-гийн удирдлагууд хүртэл энэ модаг эсэргүүцэж чадалгүй өөрийн гэсэн NFT гаргасан билээ.
Харин "Hyundai" моторс энэ сарын 13-ны өдөр Ioniq цувралын 6-р үеийн загвараа танилцуулах үеэрээ шинэхэн NFT гаргаснаа зарлалаа. "Hyundai", "Ioniq" иргэний харьяаллыг бий болгох зорилготой байгаагаа зарласан бөгөөд Ioniq машин худалдан авсан 5000 хэрэглэгчиддээ энэхүү NFT-г үнэгүй бэлэглэх аж.
Энэ талаар "Hyundai"-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан дэд ерөнхийлөгч "Томас Шемера" хэлэхдээ "Ioniq нь бусад NFT-ээс илүү өвөрмөц үнэ цэнтэй байх болно. Бид үйлчлүүлэгчидтэйгээ илүү ойр, шинэлэг байдлаар харилцахаар төлөвлөж байна. Ioniq нь шинэ үеийн ухаалаг хэрэглэгчдэд зориулсан бодит ертөнц ба дижитал ертөнцийн нийлбэр байх болно" гэжээ.
"Ioniq"-ийн анхны 5000 эзэн NFTYC (NFT Your Case) тусгай захиалгат утасны гэр, бэлгийн карт зэрэг бодит бараа бүтээгдэхүүний эзэн болохоос гадна бусад виртуал бэлэг, компанийн виртуал уулзалтын газар болох "Planet Hyundai"-ийн онцгой эрхийн эзэд болох гэнэ. Үүгээр ч үл барам интерактив виртуал орон зайд оролцох боломжийг нээж өгөх зэрэг олон онцгой эрхийг эдлэх аж ээ.