Германы алдарт “Brabus” тюнинг студи нь ихэвчлэн Mercedes-Benz, Maybach гэх мэт хурд хүч сайтай, тансаг зэрэглэлийн автомашин тоноглодог бол түүхэндээ анх удаа мотоцикл тоноглож албан ёсоор танилцууллаа. Энэхүү төсөл дээр Австрийн томоохон мотоцикл, спорт загварын автомашин үйлдвэрлэгч KMT-тэй хамтран ажилласан байна. Brabus-н инженерүүд бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ цар хүрээг тэлэхээр шийдэж, бизнес хийх шинэ арга зам олж нээжээ. Эхний үр дүн нь KTM 1290 Super Duke R Evo дээр суурилсан Brabus 1300 R мотоцикл байв.
Super Duke R Evo-г 1300 R болгохын тулд хийсэн өөрчлөлтүүд нь Brabus-ийн машинд хийдэг тоноглолуудаас ч дутхааргүй харагдана. Бараг бүх гаднах эд ангиудыг сольж өөрчилсөн. Тодруулбал, 1300 R дугуй хэлбэрийн LED их гэрэл, 2 хажуугийн хамгаалалтын дизайныг дахин шинэчилж өгөөд зогсохгүй карбон файбер материалаар хийж өгсөн, богино рультэй ба руль нь доор байрласан, нарийхан дээш өргөгдсөн хэлбэрийн бөгстэй. Monoblock Z есөн салаа диск обудтай гэх мэт эдгээр тоноглолууд нь энэ мотоциклын чамин дүр төрхийг бүрэн төгөлдөржүүлж өгсөн.
Мотоциклын бүх мэдээллийг 5 инчийн TFT дэлгэцээр жолоочид харуулдаг ба бүх улиралд унах зориулалттай хийгдсэн учраас халдаг руль, суудалтай гэдгээрээ онцлог. Хурд хүчний үзүүлэлтийн хувьд 180 морины хүчтэй 1.3 литрийн V2 хөдөлгүүртэй, нийт 6 араатай, 140 Ньютон-метр маневрлах чадвартай, 100 км/цагийн хурдыг зөвхөн 3.2 секундэд авах чадвартай бөгөөд дээд хурд нь 270 км/цаг хүрдэг байна. Түүнчлэн баруун талдаа 2 сүрлэг бөгөөд загварлаг харагддаг янданг суурилуулж өгөөд зогсохгүй ABS болон Brembo тоормосоор тоногложээ.
Одоогийн байдлаар тус компани энэ загварынхаа Magma Red, Signature Black гэсэн хоёр өнгөний сонголтоос хоёулангаас нь 77 ширхэг буюу нийтдээ 154 ширхэг үйлдвэрлэнэ гэж мэдэгдээд байгаа бол үнийн талаар мэдээлэл хараахан өгөөгүй байна.