1965 онд анхны “Фургон” буюу УАЗ-452 үйлдвэрлэгдсэнээс хойш аль хэдийнээ 57 жил өнгөрчээ. Энэ олон жилийн хугацаанд гадна үзэмж, тоноглол, техник хүчин чадлын хувьд мэдэгдэхүйц сайжруулалт хараахан хийгдээгүй гэдгийг хүн бүхэн мэдэх билээ. Харин энэ онд хүмүүсийн хүсэн хүлээж байсанчлан шинэ оны Фургоны концепцийг УАЗ танилцуулсан ба энэхүү загварын төсөл дээр Андрей Давыдов гэх дизайнер бие дааж ажиллаж байгаа юм байна.
Энэ Фургоны концепцийн онцлог нь өмнөх классик загвараас илүү өргөн, хажуугийн толинууд нь том хэмжээтэй, нарийн LED их гэрэлтэй, урд гупер нь маш бат бөх төмрөөр хийсэн хамгаалалттай, орчин үеийн дөрвөлжин загвартай болгож шинэчилсэн нь илүү сүрлэг харагдаж байна гэж автомашин сонирхогчид шагшин магтаж байна.
Бид бүхний мэдэх хуучны классик Фургон нь 2.7 литр бензин хөдөлгүүртэй, 112 морины хүчтэй, 198 Ньютон-метрийн маневрлах чадвартай, нийт 5 араа бүхий механик хробтой, мосттой байдаг ба үнийн хувьд ойролцоогоор 757,000 рубль (28 сая төгрөг) байдаг бол 2022 оны шинэ загварын техникийн үзүүлэлт, үнийн мэдээллийг одоогоор УАЗ хараахан нийтэд ил болгоогүй байна.
“Харамсалтай нь цар тахлын улмаас энэхүү шинэ төслийн ажлын хэсэг хугацаанд зогссон ба одоогийн байдлаар бидэнд санхүүгийн маш том асуудал байгаа учраас хөрөнгө оруулалтын шинэ хуваарь гаргаж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Бид энэхүү шинэ загварын Фургоноо худалдаанд гаргахын төлөө идэвхтэй ажиллаж чадах бүхнээ хийх ба бүх өөрчлөлтийн талаарх мэдээг цаг алдалгүй та бүхэнд хүргэх болно." гэж УАЗ албан ёсоор мэдэгджээ.