Элон Маск трапец загвартай “Cybertruck” цахилгаан машиныг анх 2019 онд танилцуулж нэлээд шуугиан үүсгээд байсан билээ. Одоогоор яг хэдэн сард худалдаанд гарж эхлэх албан ёсны мэдээлэл байхгүй хэдий ч энэ загварыг гурван өөр төрлөөр гаргахаар болсон гэдгээ мэдэгдсэн ба анхны концептээс хэд хэдэн өөрчлөлтүүдийг хийжээ.
Уг цахилгаан автомашины хоёр хажуугийн толийг өмнө нь гадна биш дотор салонд байхаар концепт гаргаж байсныг болиод гаднаа тольтой байхаар өөрчилжээ. Мөн гадна хаалганы бариул огт харагддаггүй зөвхөн хүн ойртох үед нааш гарч ирдэг, салхины шилний баруухан талд хоёр биш ганцхан том шил арчигч суурилуулж өгжээ.
Single Motor RWD буюу нэг цахилгаан мотортой, хойд хөтлөгчтэй загвар нь 39,900 ам.долларын үнэтэй, 6.5 секундын дотор 96 км/цаг хурдлах боломжтой ба нэг цэнэглээд хамгийн багадаа ойролцоогоор 402 км туулах чадвартай. Харин “Dual Motor AWD” буюу хос цахилгаан мотортой, 4 хөтлөгчтэй загвар нь нэг цэнэглээд хамгийн багадаа ойролцоогоор 483 км явах чадвартай ба 4.5 секундэд 96 км/цаг хурдлах боломжтой бол 2022 онд гарах Tri-Motor AWD буюу гурван цахилгаан мотортой, 4 хөтлөгчтэй загвар нь 2.9 секундын дотор 96 км/цаг хурдлах боломжтой, нэг цэнэглээд 805 км явах чадвартай ба 69,900 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарахын зэрэгцээ 6.3 тонн чирэх, 2 метрийн урттай тэвшин дээрээ 1.6 тонн жинтэй ачааг зөөх чадалтай. Түүнчлэн трапецэн их бие нь зэвэрдэггүй гангаар хийгдсэн ба 9 мм-ийн гар бууны сумыг тэсвэрлэх чадвартай.