“Apple” корпораци цахилгаан, жолоочгүй автомашин бүтээх “Titan Project” төслөө маш сайн нууцалж ирсэн. Дэлхийд алдартай Британий автомашин худалдаалдаг Ванарама компани iPhone, MacBook болон Apple-ийн бусад бүтээгдэхүүнүүдээс дизайны санаа аван Apple-ийн албаны хүмүүсийн өгсөн мэдээллүүдийг нэгтгэж таамаг зураглал гаргаад байгаа бол Apple-ийн удирдлагууд манай корпораци цахилгаан машин үйлдвэрлээгүй, зөвхөн энэ талаар судалж байгаа хэмээн нууцлаад байгаа билээ. Өнгөрсөн оны 11-р сард Bloomberg агентлаг “Apple компораци цахилгаан автомашин үйлдвэрлэх үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явж байгаа бөгөөд 2025 онд бэлэн болгоно. Мөн Apple цахилгаан машины зах зээлийг утгаар нь өөрчлөх ямар ч жолооны хүрд эсвэл дөрөөгүй, 100 хувь автомат жолоодлоготой автомашин зохион бүтээхийг зорьж байгаа” гэж мэдээллэсэн.
Урд суудлууд 360 градус эргэдэг байх ба машинаа зочны өрөө болгон ашиглах боломж бүрдэнэ гэж Британий Ванарама компани үзэж байгаа. Мөн хаалганы дунд ямар ч гол баганагүй илүү задгай дизайнтай байхын хажуугаар минимал загварын маш том хянах самбартай хийхээр төлөвлөж байгаа гэх шуум гараад байгаа билээ. Мэдээжийн хэрэг Siri-гүйгээр Apple-ийн бүтээгдэхүүнийг төсөөлөх боломжгүй тул дуу хоолойгоор удирдах Siri системийг бүрэн утгаар нь суурилуулж өгөх нь дамжиггүй. Тиймээс хамгийн тохиромжтой цэг болох жолоочийн яг урд Siri байх нь тодорхой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Түүнчлэн зөөврийн компьютер, iPhone дээр байдаг Apple-ийн лого тус машины хамар дээр биш урд грилл дээр байна гэж үзэж буй ба яг ийм загвар, элементүүдтэй бүтээгдэнэ гэсэн баталгаа өгөөгүй хэдий ч Apple бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэн хэрхэн зохион бүтээдгийг бүрэн судалсны эцэст энэхүү таамаг зураглал гарсан гэдгийг мэдэгдэх нь зүй ёсных болов уу.