Хуавей корпораци “HarmonyOS” нэртэй шинэ ухаалаг үйлдлийн системийг Aito M5 цахилгаан автомашинд суулгасан байна.
Манай урд хөрш болох БНХАУ дэлхийн хэмжээнд хамгийн том цахилгаан автомашин хэрэглэгч улс болоод байгаа билээ. Хятадын цахилгаан машины энэ их эрэлт хэрэгцээг хангахын тулд Tesla корпораци Хятадын нутаг дэвсгэрт өөрийн үйлдвэрүүдээ нээсэн. Хэдийгээр хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгч боловч Tesla Хятад хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг төдийлөн хангаж чадахгүй байгаа тул бусад цахилгаан автомашин үйлдвэрлэгч нарт томоохон боломж болоод байгаа юм. Хятадын томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэг болох NIO компани энэхүү асар том зах зээлээс чамгүй хэсгийг эзлэх зорилготой байгаа ба Хуавей корпораци энэхүү зах зээлийн төлөөх тулалдаанд шинэхэн оролцогч болж байна. Хуавей анхны цахилгаан машин болох SF5 загварын машинаа Хятадын автомашин үйлдвэрлэгч Seres компаний Cyrus брэндтэй хамтран хийж тус зах зээлд хөл тавих оролдлого хийж байсан нь саяхан юм.
Хуавейн гүйцэтгэх захирал Richard Yu “Манай Aito M5 загварын автомашин цахилгаан, бензин хоёулангаар нь явдаг учраас Tesla Model Y-аас бүх зүйлээрээ илүү” гэж хэлжээ. HarmonyOS үйлдлийн систем нь хянах самбар, мэдээллэх үүргийг гүйцэтгэх ба Хуавейн бусад ухаалаг төхөөрөмжүүдтэй холбогдож тэр ч бүү хэл ухаалаг цагаараа машинаа асаах боломжийг хангаж өгчээ. Тус машины Aito гэдэг нэр нь “Adding Intelligence To Auto” гэсэн үгийн товчлол бөгөөд автомашиныг ухаалаг болгох гэсэн утгатай. 2022 оны 2-р сард буюу Хятадын цагаан сарын дараахан 39,000 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гархаар болсон байна. Энэ нь Tesla Model Y загвараас 5000 ам.доллараар хямд юм.