Нийслэл болон 21 аймгийн мал эмнэлгийн газруудад автомашин олгожээ

ХХААХҮЯам болон Мал эмнэлгийн ерөнхий газраас дэлхий нийтээр тархаад буй COVID-19 халдварын болзошгүй аюулаас сэрэмжлэх, онцгой өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ хүчин чадлыг сайжруулахад анхаарал хандуулан ажиллаж буй аж.

Тухайлбал, Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахад хамгийн их дутагдалтай байдаг автомашины хүрэлцээг нэмэгдүүлэхээр Мал эмнэлгийн 2019 оны урьдчилсан сэргийлэх арга хэмжээний зардлаа хэмнэж, үлдсэн хөрөнгөөр орон нутаг, аймаг нийслэлийн мал эмнэлгийн газруудад автомашин олгохоор шийдвэрлэжээ.

 

 

Үүний дагуу автомашин худалдан авах үйл ажиллагааг нээлттэй тендер зарласнаар “Руссо-Моторс” ХХК шалгарч, ОХУ-д үйлдвэрлэгдсэн Нива маркийн 23 ширхэг автомашиныг нийлүүлсэнийг энэ сарын 13-ны өдөр Мал эмнэлгийн ерөнхий газар орон нутагт хуваарилсан байна.


Лада 4х4 URBAN 5 door загварын уг автомашин нь мал эмнэлгийн салбарын ажлын онцлог, манай орны байгаль цаг уур, дэд бүтцийн онцлогт тохирсон туулах чадвар сайтай, ашиглалтын зардал бага, албан ёсны засвар, сэлбэг хэрэгслийн баталгаатайгаараа онцлог аж. 

"Бидний санааг дэлхий нийтийг хамарсан коронавирусийн тархалтаас гадна, шувууны томуу түгшээж байна"

 

21 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн салбар нэгжүүдэд автомашиныг хуваарилах үеэрээ ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Хэдийгээр 2019 он манай Мал эмнэлгийн салбарын хувьд үйл ажиллагаагаа сайн зохион байгуулсныг илтгэж аливаа өвчлөлгүй, тайван, амжилттай байсан ч өнөөдөр нөхцөл байдал биднээс илүү их нарийн зохион байгуулалттай байж болзошгүй эрсдлээс маш сайн урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Бидний санааг дэлхий нийтийг хамарсан коронавирусийн тархалтаас гадна, шувууны томуу түгшээж байна.

Нүүдлийн шувууд манай улсад нүүдэллэн ирэх цаг тулсан үед илүү хариуцлагатай мэргэжлийн ур чадвар гарган ажиллахад техникийн энэхүү дэмжлэг тус нэмэр болох болов уу гэж найдаж байна. Цаашид Мал эмнэлгийн салбарыг техник, тоног төхөөрөмжийн хувьд илүү чадавхижуулахад анхаарал хандуулж байна" гэв.

 

Эх сурвалж: ХХААХҮЯам

Өмнөх
ИНФОГРАФИК: Монголчууд 2019 он...
Дараах
Б.Атарбаяр: 13 км давхар зам у...