Хотын түгжрэлийг 46 хувиар бууруулах боломжтой хэмээн Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн “Тэнгэрийн тойрог” төслийг хэрэгжүүлэгч “Хотын зам” компанийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Б.Атарбаяртай ярилцлаа.
-Төсөл 10 гаруй жил яригдсан юм билээ. Судалгаагаа хэрхэн хийсэн бэ?
-Миний хувьд 2011 оноос хойш зам нөхөхөөс эхлээд гүүр барих хүртэл бүхий л ажил хийж ирсэн. Манай компани Маршалын гүүр, Багшийн дээд, Сансарын нүхэн гарц, Хаан хаалга зэргийг санаачилж байгууламжийг барихад оролцсон. Нэг үгээр хэлэхэд хотын түгжрэлийг бууруулах гарцыг мэргэжлийн нүдээр харсан хэрэг. Харин “Тэнгэрийн зам” гэдэг бол олон улсын ердийн ярианы хэллэг. Энэ дагуу л давхар замыг “Тэнгэрийн тойрог” гэж нэрлэсэн л дээ.
Бид 2011 оноос түгжрэлийг судалж, давхар гүүрийг хаана, хэрхэн барих эсэхийг судалсан. Судалгааны үр дүнд давхар замаар түгжрэлийг бууруулах гарцыг олж харсан л даа. Тэгээд 2016 оноос эхлэн Зам тээврийн яаманд хандсанаар төр засгийн хэмжээнд албажсан нь 2016 онд оюуны өмчийн гэрчилгээ авсан. Энэ хугацаанд гадны улс орнуудын ижил төрлийн жишээг харахад яг манайхтай адил 13 км-ээр тойрог үүсгэх Хятадын Ченгду хот байна.
Шаардлагатай тохиолдолд гадны зөвлөхүүд рүү холбогдож байгаа. Санхүүжилтийг Германы Глобаль финанс байгууллага хариуцаж байна.
Тиймээс Улаанбаатарын хуучин их тойрууг давхарлаж тойрог хэлбэрийн төлбөрт хурдны замыг зөвхөн дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар барихаар зорьсон. Аливаа улс орны өргөн чөлөө гудамж давхар байх онцгүй харагддаг учраас тойрог замыг сонгож авсан. Хотын төвийн гүүр улс орны өнгө үзэмжийг нэмдэг. Харин олон түвшний уулзварыг Налайх, 22-ын товчоонд хийж болно.
Түгжрэл дээд цэгтээ хүрч нэн даруй шийдвэрлэх гол асуудал болсныг бүгд мэднэ. Бидний тооцоолсноор хотын төвийг тойрсон тойрог хэлбэртэй гүүрэн зам дээгүүр цагт 54 мянган машин зорчих боломжтой. Мөн түгжрэлд зарцуулагддаг шатах тослох материал хэмнэж агаарын бохирдол бууруулах, түгжрэлд алдаж буй цаг хугацаа, бухимдлыг арилгах, авто зам барилгын материал үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих гээд олон эерэг үзүүлэлттэй. ТЭЗҮ, судалгааг монгол инженерүүд хийж байна.
Шаардлагатай тохиолдолд гадны зөвлөхүүд рүү холбогдож байгаа. Санхүүжилтийг Германы Глобаль финанс байгууллага хариуцаж байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд автозамын байгууламжуудыг худалдах, удаан жилээр түрээслүүлэх нь ердийн асуудал болсон.
-Хотын түгжрэлийн талаар судалгааны тоо баримт дурдахгүй юу?
-Судалгаанаас харахад Улаанбаатар хотод түгжрэлээс шалтгаалан өдөрт 265 сая төгрөгийн шатахууны илүү зарцуулалт гарч байна. Түгжрэлээс болж өдөрт хагас тэрбум төгрөгөөр хохирч байна. Агаарт бензин шатааж, цаг хугацаагаа алдаж, магадгүй түгжрэлээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.
Засгийн газрын дэмжлэгээр том шийдэл гарсан учраас гадны хөрөнгө оруулагчид айдасгүй боллоо. Хөрөнгө оруулагчид эрсдлээ өөрсдөө үүрэх ёстой.
Их тойруугийн хөдөлгөөний эрчмийг өдөр шөнийн эзлэх хувь дээр үндэслэн судлахад Энхтайвны өргөн чөлөөнд ойролцоогоор 75 мянган машин, Чингисийн өргөн чөлөө-Энхтайвны гүүрэнд 62 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн их тойрууд хийсэн судалгаагаар нэг цагт 77106 машин зорчиж, их тойрууд хамаарагдах уулзваруудад 198313 машин мөн л нэг цагт зорчдог юм билээ.
Харин бидний “Тэнгэрийн тойрог” төслийн давхар гүүрэн зам ашиглалтад орох 2023 онд Улаанбаатар хотын автомашины тоо 611 мянган ширхэг болох төлөвтэй байгаа. Төсөл хэрэгжсэнээр түгжрэл 46.5 хувиар буурч хоногт 651792 машин нэвтрүүлэх боломжтой болох юм. Есөн уулзвар түүний салбарлах холболтууд нийт есөн км болох бөгөөд хотын аль ч захад хүрэх дундаж хурдыг 60 км цагаас багагүй байлгаснаар зургаан минут зарцуулахаар тооцоолсон.
-Хот төлөвлөлтийг хэрхэн тооцов. Давхар зам 6-12 метр гэхээр нэлээн өндөр байх нь?
-Ер нь бол тээврийн хэрэгслүүд 15 метрийн өндөрт явна гэж ойлгож болно. Хот дотор баригдаж байгаа гүүр өндөр байх ёстой. Хийц том учраас аль болох өндөрт байвал үзэмжтэй, нарийн болж харагддаг.
Нэг үгээр хэлбэл, хотжилт, түгжрэл талаасаа дахиад 20-60 жилд ч тойрог хэлбэрээр баригдах 13 км зам улсын хөгжлийг харуулна.
Үүнээс гадна хот төлөвлөлтийг тооцож Улаанбаатарын ерөнхий төлөвлөгөөнд суулгаж өгсөн. Гүүрэн доогуур байгууламж барьж болно.Давхар гүүрээр нийтийн тээвэр явуулах орон зайг ч бид тооцсон. Мөн дулаан, газрын дээрх замбараагүй кабелийг гүүрэн байгууламжид багтааж хийвэл илүү цэвэрхэн, аюулгүй болдог. Алс ирээдүйд давхар замын трасс бэлэн байна гэдэг бол давуу тал.
Нэг агшинд гүүрэн дээр 5000 машин явлаа гэхэд тэр хэмжээгээр замын ачаалал буурч, түгжрэл саарна. Өөрөөр хэлбэл, давхар зам бол түгжрэлийг бууруулах бодитой инженерийн байгууламж юм.
-6.5 км зам туулахад нэг ам.доллар төлнө гэсэн мэдээллийг Зам тээврийн хөгжлийн сайд хэлсэн. Төлбөр хураах зохицуулалтыг хэрхэн хийж өгөх вэ?
-Олон улсын аргачлал бий л дээ. Хэрэглээгээр нь тооцоод үзэхэд нэг хүн өдөрт хоёр литр шатахууны үнээс илүү гарахгүй байх юм. Хоёр литр шатахууныг түгжрэлд зогсохдоо шатаачихдаг шүү дээ. Тиймээс тухайн хүнд сонголт өгч байгаа юм. Хоёр литр шатахуунаа түгжрэлд шатааж цагаа барж, бухимдаж явах уу. Эсвэл төлбөрөө төлөөд түгжрэлгүй зорчих уу гэдэг сонголт бий болгож байгаа юм. Түүнээс монголчуудын давж дийлэхээргүй их төлбөр хэлбэл концессын гэрээ хугацаатай учраас дампуурна. Тухайн үед шатахуун ямар үнэтэй байхаас хамаарна. Шатахууны үнэ буурчихвал төлбөр ч хямдарна.
Замыг нэг удаа ашиглахад 6.5 км-ээс илүү явах шаардлага гарахгүй учраас тэгж тооцсон.Төлбөр хураах зохицуулалтыг механик хаалт юм уу зорчихдоо чип уншуулах зэргээр техникийн дэвшлийг ашиглаж автомат системээр хийх зэргээр сонголтууд бий.
-Төслийг Засгийн газар дэмжлээ. Хэрэгжихэд саадгүй боллоо гэж ойлгож болох уу?
-Германы хүмүүс ирээд Засгийн газартай хамтарсан хурал хийсэн. Үнэхээр түгжрэлийг бууруулах бодитой ажил учраас Засгийн газар дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Засгийн газрын шийдвэрээр барих, ашиглах, шилжүүлэх концессын жагсаалтад орлоо. Одоо Үндэсний хөгжлийн газартай хамтарч хуульд нийцүүлэх зэргээр албажаад явах юм. Энэ ажил цаашид саадгүй явах зам тавигдлаа гэж харж байгаа. Барилгын хугацаа гурван жил байхаар тооцсон.
Засгийн газрын дэмжлэгээр том шийдэл гарсан учраас гадны хөрөнгө оруулагчид айдасгүй боллоо. Хөрөнгө оруулагчид эрсдлээ өөрсдөө үүрэх ёстой. Энэ бүх хөрөнгө оруулалт Монголд шингэнэ. Концессын зураг төслөө өөрсдөө боловсруулж, барих, ашиглах, шилжүүлэх нөхцлөөр бид барьж ажиллаж байгаа. 25 жилийн дараа улсад хүлээлгэж өгнө. Түүнээс биш шууд 800 сая ам.доллар Монголд орж ирээд дээр, дооргүй хуваах асуудал биш. Эхний удаа сая ам.доллар орж ирэх зэргээр ч юмуу, төслийн санхүүжилтийн график гэж бий.
“Тэнгэрийг тойрог” төсөл хэрэгжихэд улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг гаргахгүй. Засгийн газар баталгаа өгөхгүй гэдгийг олон нийт ойлгоосой гэж хүсч байна. Байгууламж 60-100 жилийн бүрэн баталгаатай гэж ойлгож болно. Нэг үгээр хэлбэл, хотжилт, түгжрэл талаасаа дахиад 20-60 жилд ч тойрог хэлбэрээр баригдах 13 км зам улсын хөгжлийг харуулна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин