МЭДЛЭГ-20: #МАШИНЫ ЛИЗИНГ

МЭДЛЭГ20: Мянган-машин веб сайтын зүгээс нийт хэрэглэгчиддээ зориулан “Мэдлэг-20” мэдээлэл, зөвлөгөө өгөх аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд сар бүр хэрэглэгчдэд нэн шаардлагатай, чухал 20 сэдвийн хүрээнд мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, гадаад эх сурвалж, статистик тоо баримтад тулгуурлан нийтлэл бэлтгэн гаргаж байх юм. Та бүхэн мэдэхийг хүссэн, тодруулах шаардлагатай сэдвүүдээ https://www.facebook.com/1000mashin/ пэйж хуудсанд хандан бидэнд ирүүлээрэй. Холбоо барих дугаар: 70001050

#Автомашин лизингээр авах: “ Анх удаа машин лизингээр авах гэж буй хүмүүст өгөх зөвлөгөө”

Лизингээр машин авмаар байна уу? Даанч чухам хаанаас мэдээлэл авах, хэнтэй эхэлж уулзах гээд л анх удаагаа лизингээр машин авах гэж буй хүмүүст өч төчнөөн асуулт, ойлгомжгүй зүйл тулгардаг. Тиймээс бид машин лизингээр авах гээд чухам хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст доорх зөвлөгөөг өгч байна.
Юуны өмнө машинаа зөв сонгох хэрэгтэй. Өөрийн хэрэгцээндээ ямар машин авбал тохирохыг сайтар бодож сонголтоо хийх нь чухал. Мөн мөнгөний боломж бололцоогоо бас тооцох ёстойгоо мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл мөнгөндөө тааруулж сонгох уу, сонголтондоо тохируулж мөнгөө бэлдэх үү гэдгээ шийднэ гэсэн үг. Ажил, гэрийн хооронд хот дотор явах бол бензин бага зарцуулдаг, хөдөлгүүрийн багтаамж багатай, жижгэвтэр машин /Лизингээр авах боломжтой Toyota Prius-уудыг үзэх линк. Бичиг дээр дарна уу. / зүгээр. Харин хот хооронд хөдөө замд ашиглах машин хайж байгаа бол мэдээж туулах чадвар сайтай, тэнхлэг өндөртэй машин авсан нь дээр шүү. /Лизингээр авах боломжтой өндөр ЖИЙП ангиллын машинууд үзэх линк. Бичиг дээр дарна уу. /
БОЛОМЖ:
  • www.1000mashin.mn веб сайтаас та бүхэнд гадуур явж цаг хугацаа, зардал гарган машин үзэх үүний дараа банк, ББСБ-д хандах зэрэг олон шатлалыг шийдвэрлэж зөвхөн вебсайтад хандаж бүгд үйлчилгээг авах боломжийг олгож байна.
  • Манай веб сайтад байгаа бүгд төрөл машинууд нь лизингээр авах боломжтой эсэх, бэлэг урамшуулал дагалдаж байгаа эсэх, автомашины үзүүлэлтүүд зэргээр хайлт хийх боломжтой.
  • Лизингээр авах боломжтой автомашинаа та лизингийн ямар нөхцөлөөр авах боломжтой мөн лизингээр авах хүсэлтэй шууд банк-руу илгээх боломжтой.
  • 1000МАШИН, ХААНБАНК ХАМТАРСАН ОНЛАЙН ЛИЗИНГ-ийн талаар дэлгэрэнгүйг үзэх холбоос. Бичиг дээр дарна уу!
Бид машины лизинг үйлчилгээг дараах банк, ббсб-уудтай хамтран олгож байна.
Та өөрийн үйлчлүүлэхийг хүсэж буй байгууллагыг сонгоод бүрдүүлэх материал, лизингийн нөхцөлүүдийг судлаад үзээрэй.

ХЭРЭГЛЭГЧДЭЭС ИРҮҮЛСЭН АСУУЛТУУД /Хариулт/:
 
Хэрэглэгчийн асуулт: Сайн байна уу? Би ... банканд цалингийн зээлтэй юм аа. 6 саяыг 3 жилийн хугацаатай зээлсэн. Одоо нэг жил болж байгаа юм. Цалин 800 мянга авдаг сард 226-г банкны зээлэнд өгдөг. Тэгэхээр би машины лизинг давхар авч болох уу?
Мэдлэг20-с хариулт: Банкнууд таныг дээд тал нь сарын орлогынхоо талаар зээл төлөхийг зөвшөөрнө. Тухайлбал сард нэмж 174 мянган төгрөг зээлэнд төлж болох нь байна. Таны энэ боломжийн дагуу банкнуудын дундаж хүүгээр тооцоод үзэхэд та 2 жилийн хугацаатай 3,3 сая төгрөг нэмж зээлж чадах юм байна. Машины лизингийн хувьд танаас урьдчилгаа төлбөр шаардана. Ийм хэмжээний зээл авахын тулд ойролцоогоор 1,4 сая төгрөгийн урьдчилгаа төлбөр бэлдсэн байх ёстой бөгөөд нийлүүлээд бодоход та 4,7 сая төгрөгийн үнэтэй машин лизингээр авах боломжтой юм байна. Гэхдээ та урьдчилгаа нэмж 1,4 сая төгрөг төлсөн тохиолдолд ийм боломж үүснэ гэдгийг анхаараарай.
 
Хэрэглэгчийн асуулт: Лизингээ төлж чадахгүй үед яах вэ. Бид зээлээ 10 сар төлсөн. Нөхөр маань ажилгүй болж бид зээлээ яаж төлөхөө мэдэхээ байчихлаа. Та надад хариулж өгөөч. Би өөрөө 8 сард ажилдаа орно. Амралттай байгаа юм.
Мэдлэг20-с хариулт: Юуны өмнө ажилгүйдлийн тэтгэмжээ яаралтай хөөцөлдөх хэрэгтэй. Танай нөхрийн Нийгмийн даатгал төлөн ажилласан жилээс хамааруулан Ажилгүйдлийн тэтгэмж 2-3 сараар танай нөхөрт олгох боломжтой. Хэрэв боломжийн тэтгэмж авч чадвал та 8 сар хүртэл түүнээсээ зээлээ төлөөд явах хэрэгтэй. Үнэхээр төлж чадахгүй болчихвол зээлийн мэргэжилтэнтэйгээ яаралтай уулзаж нөхцөл байдлаа танилцуулах шаардлагатай.
“Иймэрхүү хүмүүст зөвлөхөд хэрэв зээлээ төлж чадахгүй нь тодорхой болбол банкандаа хандаж хугацаагаа сунгуулах хүсэлт гаргах хэрэгтэй. Урд нь ийм хүсэлт гаргахад банкнууд хойрго ханддаг байсан. Энэ нь Монгол банкны уг журамтай холбоотой байсан. Учир нь таны зээлийн хугацааг сунгах тохиолдолд таны зээлийн ангиллыг заавал нэг шат бууруулдаг байсан бөгөөд, түүнээс үүдсэн зардал банканд учирдаг байсан. Харин Монгол банк уг журмандаа өөрчлөлт оруулан анх удаагаа хугацаагаа сунгаж байгаа хүмүүсийн хувьд ангилал бууруулахгүй, харин хоёрдохоо сунгаж байгаа бол ангиллыг нэг шатаар бууруулахаар болгож зөөллөсөн байгаа.
 
Хэрэглэгчийн асуулт: Сайн бна уу? Зээл ,Лизинг 2-ын яалгааг тайлбарлаж өгнө үү?
Мэдлэг20-с хариулт: Таны орлого, зардал гэх мэт санхүүгийн нөхцөл байдал дээр үндэслэн зээлийн шийдвэр гаргаж байгаа бол зээл гэж ойлгох хэрэгтэй. Нэмэлтээр барьцаа хөрөнгө шаардагдана.
Харин таны худалдан авч буй зүйлийн чанар, ашиглалт дээр үндэслэн шийдвэр гаргаж байгаа бол лизинг гэж ойлгох хэрэгтэй. Ямар нэгэн нэмэлт барьцаа шаардахгүй. Харин та худалдан авах гэж буй зүйлийн үнийн тодорхой хувийг өөрөө төлөх ёстой болно. Санхүүгийн байгууллага уг хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгэх бөгөөд та төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа таны нэр дээр шилжүүлнэ.
Дүгнэж хэлэхэд таны орлого дээр үндэслэн зээл олгож байгаа бол бидний ярьдаг зээл, харин худалдан авч бүй зүйлийг барьцаалаад түүний чанар, үнэ цэнээ алдахгүй байдал зэрэг дээр үндэслэн шийдвэр гаргаж байгаа бол лизинг гэж ойлгож болно.
 
Хэрэглэгчийн асуулт: Сайн байна уу? Би долоо дахь сардаа нийгмийн даатгал төлж байна аа. Одоо би сарын 500,000 төгрөгийн цалинтай. Урьдчилгаа төлбөргүй машины лизингэд хамрагдах боломжтой юу?
Мэдлэг20-с хариулт: Цалингийн зээл болон машины лизингийн шалгуур үзүүлэлтийн эхний шаардлагыг та хангажээ. Ихэнх банк 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар тогтвор суурьшилтай ажиллаж буй хүнд энэ төрлийн зээлийг олгодог.
Таны асуултанд хариулахын тулд та хэдэн төгрөгийн машин худалдан авах гэж буйг мэдэх шаардлагатай байна. Гэхдээ тойм байдлаар хариулт өгье.
Урьдчилгаа төлбөргүйгээр машин лизингдэх хүсэлтэй байгаа бол урьдчилгаа төлбөрийн оронд үл хөдлөх хөрөнгө барьцаалах шаардлагатай болно. Бидний өгөх зөвлөгөө та машины лизинг биш харин цалингийн зээл авбал танд илүү боломжтой байхаар байна.
 
Хэрэглэгчийн асуулт: Сайн байна уу? Би ажилдаа ороод бараг 1 жил болж байгаа юм. Яг 6 сар л нийгмийн даатгал төлсөн, гар дээр 800,000 авдаг. Машины зээл авах гэсэн юм, боломж байгаа болов уу? Одоогоор ганц бие болохоор өөр орлого байхгүй. Харин цалингаа банктай гэрээ хийж аваагүй, зүгээр өөрийн дансаар цалингаа авдаг. Энэ асуудал бас чухал байсан юм байна, тийм үү. Зээл авах боломжтой болов уу? Хариу өгч тус болооч.
Мэдлэг 20-с хариулт: Хаан банкнаас тодрууллаа. Цалингийн зээлийн гэрээ байгуулаагүй ч гэсэн цалингаа банкаар дамжуулан авч байгаа, Нийгмийн даатгалаа төлж байгаа тохиолдолд машины лизингд хамрагдах боломжтой юм байна.
 
Хэрэглэгчийн асуулт: Сайн байна уу? Би лизингээр машин аваад төлбөрөө сар бүр банктай байгуулсан гэрээний дагуу хугацаанд төлж байгаа. Одоо төлбөрийнхөө 50%-ийг барагдуулсан. Тэгэхээр дахин өөр машин лизингээр авч болох уу. Миний төлбөрөө төлөх чадвар сайн.
Мэдлэг 20-с хариулт: Нэгэнт төлбөрийн чадвар сайн бол давхар зээл авах боломжтой.
 
Хэрэглэгчээс асуулт: Сайн байна уу? Машины лизингийн талаар лавлах гэсэн юм аа. Сардаа тогтмол 2-3 сая төгрөгийн орлоготой. Нийгмийн даатгал сүүлийн жилүүдэд огт төлөөгүй. Дансны хуулгаа, ажлын гэрээ зэргээр баталгаажуулж зээл авах боломжтой юм. Урьдчилгаа 5-6 саяыг өгч 15 саяаас дээш үнэтэй машин сонирхож байгаа юмаа. Ямар боломж байгаа вэ? Туслаач та бүхэн.
Мэдлэг 20-с хариулт: Хэрэв та орлогоо дансны хуулгаараа нотлох боломжтой бол зээл авч болно. Давхар гэрээгээ үзүүлэх шаардлагатай. 10 сая төгрөг 2 жилийн хугацаагаар зээлэхэд сард ойролцоогоор 522 мянган төгрөг төлөх учир таны орлого хангалттай юм байна.
 
Хэрэглэгчийн асуулт: Миний үндсэн цалин 492.000 төгрөг. Хөдөө орон нутагт төрийн байгууллагад ажилладаг. Надад 8 сая орчим үнэтэй машин авах боломж байна уу?
Мэдлэг 20-с хариулт: 8 сая төгрөгийн үнэтэй машин лизингээр авахын тулд та урьдчилгаанд доод тал нь 20-25 хувь төлөх шаардлагатай. Тэгэхээр танд 2 сая төгрөг бэлэн байх шаардлагатай. Хэрэв ийм хэмжээний урьдчилгаа байгаа бол та үлдсэн 6 сая төгрөгийг 3 жилээр зээлж авбал сард төлөх төлбөр нь 231 мянган төгрөг болох бөгөөд таны хувьд нааштай хариу гарах боломжтой. Банкнуудын тавьж буй нөхцөлөөр тооцоод үзэхэд та Цалингийн зээлээр 8 сая төгрөг авах боломжгүй байна.
 
Хэрэглэгчийн асуулт: Эхнэр, нөхөр хоёулаа цалингийн орлоготой бол? (Би 750,000 төгрөгийн цалин авдаг. Эхнэр 500,000 төг авдаг. Урьдчилгаа 2 сая төгрөг байгаа, 17-18 сая төгрөгийн машин авахад манай өрхийн орлого хүрэх үү?)
Мэдлэг 20-с хариулт: Танай гэр бүл цалингийн зээл эсвэл машины лизинг хоёрын аль алинд нь хамрагдах боломжтой.
Гэхдээ энэ удаад машины лизинг авбал ямар боломж байгааг тайлбарлая. 18 сая төгрөгийн машин лизингээр авсан тохиолдолд та урьдчилгаанд 3,6 сая төгрөг төлөөд 14,4 сая төгрөг зээлээр авах бөгөөд сар бүр зээлэндээ 547,000 төгрөг төлөх болно (хугацааг 3 жил, хүүг сарын 1,8%, урьдчилгаа төлбөрийг 20%-иар тооцов).
Тэгэхээр сар бүр 547 мянган төгрөг төлнө гэдэг нь танай сарын орлогын 44%-тай тэнцэнэ. Энэ тохиолдолд банкууд танд зээл олгоно. Учир нь зарим банкууд өрхийн сарын орлогын 50% хүртэл хэмжээний зээлийг сар бүр төлөх боломжтой гэж үзэн зээл олгодог бол зарим банкууд машин лизингээр авах гэж буй хүмүүсийн хувьд 60-70% хүртэл дүнгээр сар бүр зээл төлөхийг зөвшөөрч түүнд харгалзах хэмжээний зээлийг олгодог.
 
Хэрэглэгчийн асуулт: Нэг нь тогтмол цалинтай, нэг нь хийснээрээ цалинждаг бол? (Би хийснээрээ цалинждаг юм аа, Картаар цалингаа авдаг, янз бүрийн цалин авдаг бөгөөд доод тал нь 1 сая төгрөг авдаг. Эхнэр 700 мянгын цалин авдаг. 10 сая төгрөгийн машин авах боломжтой юу, тооцож өгөөч)
Мэдлэг 20-с хариулт: Танай эхнэр тогтмол цалинтай, НД-аа төлөөд явдаг, харин таны хувьд тогтмол цалин авдаггүй гэж ойлголоо.
Энэ тохиолдолд танай эхнэрийн орлогыг банк тогтмол гэж үзэн хялбархан хүлээн зөвшөөрөх бол харин таны хувьд сар бүр олдог орлогоо нотлох шаардлага гарна. Үүний тулд банкны дансны хуулгаа үзүүлэх бөгөөд давхар НДД-ээ үзүүлбэл бүр л хялбархан зээл бүтнэ. Таны хувьд цалингаа картаар авдаг тул банкнууд зээл олгох боломжтой. Одоо харин хэдийг авах боломжтойг тооцоолж үзье.
Танайх нийлээд сард 1,7 сая төгрөгийн орлоготой юм байна. Үүнийхээ 50%-иар зээл төлөх боломжтой гэж үзье. Тэгвэл та хоёр сар бүр 850,000 төгрөг зээлэнд төлөх боломжтой юм байна. Энэ тохиолдолд банк танд дээд тал нь 22 сая төгрөгийн зээл олгоно. Тэгэхээр үүн дээр урьдчилгаа төлбөрөө нэмээд та хэдэн төгрөгийн машин авах боломжтой нь гарч ирнэ. Зарим банкны хувьд урьдчилгаа төлбөрийн оронд үл хөдлөх хөрөнгө барьцаалаад 100% лизингд хамруулдаг.
 
Хэрэглэгчийн асуулт: Цалингийн орлоготой ганц бие хүн? (Сайн байна уу? Би хувь хүнээс Монголд явж байсан автомашин лизингээр авах сонирхолтой байгаа юм аа. Миний цалин 700,000 төгрөг. Банк надад зээл олгох болов уу? Олговол сард хэдийг төлөх бол)
Мэдлэг 20-с хариулт: Юуны өмнө та цалингаа авдаг банкнаасаа цалингийн зээл авах боломжтой. Хэрэв урьдчилгаа төлбөрөө төлсөн бол машины лизинг ч авах боломжтой.
Дээр тооцоолсон аргатай ижил аргаар тооцоод үзэхэд та 9 сая төгрөгийн зээл авах боломжтой. Урьдчилгаа төлбөр 3 сая төгрөгөө бүрдүүлбэл нийлээд 12 сая төгрөгийн үнэтэй машин авах боломжтой байна. (3 жилээр сарын 1,8% хүүтэй зээл авна гэж тооцов).
Энэ тохиолдолд сар бүр 341 мянган төгрөг төлөх болно.
 
Хэрэглэгчийн асуулт: Өрхийн хоёр гишүүний нэг нь л цалингийн орлоготой, үүн дээрээ түрээсийн орлого олдог бол? (Сайн байна уу? Би сарын 535000 төгрөгийн үндсэн цалинтай гэхдээ 3 саяын цалингийн зээлтэй. Эхнэр бид 2 лангуу ажиллуулдаг юм гэхдээ одоо түрээслүүлсэн байгаа сарын 400000 мянгаар, тэгэхээр би машины зээл авч болох уу 5 саяын машин байгаамаа Монголд яваагүй сард хэдийг төлөх бол.)
Мэдлэнг 20-с хариулт: Та хэрэв олж буй орлогоо нотолж чадаж байвал банк зээл олгоно. Таны хувьд цалингийн орлогоо нотлох боломжтой гэдэг нь тодорхой байна. Харин түрээсийн орлогоо нотлох шаардлагатай болно. Үүний тулд түрээслэгчтэйгээ байгуулсан түрээсийн гэрээ, мөн сар бүр түрээсийн төлбөрөө хүлээн авсан банкны дансны хуулгаа банканд үзүүлэх шаардлагатай болно. Хэрэв таны түрээсийн төлбөр таны банкны дансаар орсон байвал банк хүлээн зөвшөөрч зээл олгох болно. Таны хувьд түрээсийн орлогоо банкны дансаараа хүлээн авдаг гэж үзэн доорх тооцоог хийе.
5 саяын машин лизингээр авахын тулд та дор хаяж 1 сая төгрөгийн урьдчилгаа төлбөр төлөх шаардлагатай. Ингээд үлдсэн 4 сая төгрөгийг 2 жилийн хугацаатай сарын 1,8% хүүтэй лизингд хамрагдан авбал сар бүр 206 мянган төгрөг төлөх болно.
Таны сарын орлого 935,000 төгрөг болж буй бөгөөд орлогынхоо 45-70%-иар зээл төлөх боломжтой гэж банкууд харилцан адилгүй үздэг. Тэгэхээр таны хувьд 50%-иар тооцож үзье.
Тэгвэл зээлэндээ сар бүр 467 мянгыг төлөх боломжтой бөгөөд үүнээс та одоо авчихсан байгаа цалингийн зээлийн төлөлтийг хасаад үзэхэд үлдсэн мөнгө нь машины лизингийн сар бүрийн 206 мянгыг төлөхөд хүрэлцэж байвал банк танд зээл олгох болно.
 
Хэрэглэгчийн асуулт:  Хувиараа бизнес эрхэлдэг бол?
 Мэдлэг 20-с хариулт: Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс орлогоо хэрхэн нотлох шаардлагатай.
Банк, ББСБ-аас дараах үзүүлэлтээр орлого тодорхойлдог: 
- Цалингийн орлоготой бол нийгмийн даатгалын шимтгэлийг хамгийн багадаа 6 сар төлсөн байх;
- Хуулийн этгээд бол 12 сар үйл ажиллагаагаа явуулсан байх;
- Бизнес эрхлэгч бол 6 сар тухайн үйл ажиллагаагаа эрхэлсэн байх шаардлагатай.
 
Хэрэглэгчийн асуулт: Гэр бүлийн хоёр, хоёулаа бизнес эрхэлдэг бол? (Би хувиараа ……… зах дээр контейнертэй, түүндээ дүүгээ суулгадаг. Нөхөр маань том тэрэг барьдаг. Манай сарын цэвэр орлого 3-3,5 сая төгрөг болдог. Хэдэн төгрөгийн машин авах боломжтой вэ? Сар бүр 723,0 мянган төгрөг байрны зээлэндээ төлдөг юм)
Мэдлэг 20-с хариулт: Та хоёр хоёулаа бизнес эрхэлдэг тул орлогоо нотлох ажил гарна. Гэхдээ байрны зээл авсан байгаагаас харахад энэ боломжтой гэдэг нь тодорхой байна. Ер нь иймэрхүү хүмүүсийн хувьд аль нэг банкнаас зээл авахаар очиход тухайн банк бизнесийн орлогынхоо тодорхой хувийг 6 сар эсвэл 1 жилээс дээш хугацаагаар банкны дансаар дамжуулан хүлээн авсан байхыг шаарддаг.
Танай сарын цэвэр орлого 3 сая төгрөг гэж тооцъё. Байрны зээл авсан хүмүүсийн хувьд сарын орлогын 45 хувиар сар бүр зээл төлөхийг зөвшөөрдөг бөгөөд энэ жишгээр тооцож үзэхэд машины зээлэнд сар бүр 627 мянган төгрөг төлөх боломжтой. (3,000,000 * 45% – 723,000 = 627,000). Нийтдээ 16 сая төгрөгийн машины лизинг авах боломжтой. Урьдчилгаа төлбөрөө ямар хэмжээгээр нэмж төлнө тийм хэмжээний машин авах боломжтой юм байна.
 
Хэрэглэгчийн асуулт: Тэтгэврийн орлоготой, мөн дээрээс нь бизнес эрхэлдэг бол? (Сайн байна уу? Манай аав тэтгэвэрт гарсан. Тэтгэврээс гадна лангуун дээр суугаад наймаа хийдэг. Одоо 57 настай. Тэтгэвэрт 300 000 наймаанаасаа ойролцоогоор 1 000 000 цэвэр ашиг олдог. Ийм хүн лизингээр машин авах боломжтой юу? Бас 2 өрөө байраа барьцаанд тавиад зээл авах боломжтой юу? Машин авахад дээд тал нь хэдэн төгрөгийн зээл авах боломжтой вэ? Бас байраа барьцаанд тавихад дээд тал нь хэдийг авах боломжтой вэ? Энэ зээлүүдийг ганцаараа авч болох уу? Тооцоолол хийгээд өгөөч)
 Мэдлэг 20-с хариулт: Тэтгэврийн хүмүүст банкнууд тэтгэврийн зээл л олгодог. Харин бизнес эрхэлдэг хүмүүст бусад төрлийн зээлүүдээ олгодог. Иймд танай аав тэтгэврийн хүн биш бизнес эрхэлдэг хүний хувьд банканд хандах нь зүйтэй. Нэмэлт тэтгэврийн орлоготой бол бүр л сайн.
 Хэрэв банканд сар бүр 1 сая төгрөг бизнесээсээ олж байгаагаа нотолж чадвал банк ч танай аавыг сар бүр 500,000 төгрөг машины зээлэнд төлөөд байх боломжтой гэж үзнэ. Энэ тохиолдолд дээд тал нь 13 сая төгрөгийн зээл олгох бөгөөд хэрэв урьдчилгаа төлбөрийн оронд үл хөдлөх хөрөнгө барьцаалбал 100%-ийн лизингд хамрагдах боломжтой.
 
Хэрэглэгчийн асуулт: Урьдчилгаа төлбөрөө бүрдүүлсэн оюутан хүн? (Сайн байна уу? Би та бүхнээс хэдэн зүйл дээр зөвлөгөө авах гэсэн юм. Би одоо оюутан тэгээд машин лизингээр авах бодолтой байгаа юм. Одоо бол надад 7сая төгрөг байгаа тэгээд энэ мөнгөө урьдчилгаанд өгөөд prius20 лизингээр авах бодолтой байна. Тэгээд авах машины маань үнэ 12-13 сая байгаа тэгээд 5 юм уу 6 саяын зээл авч машинаа авчхаад өдөрт халтуур хийж багадаа 10000 төг дараад байхад сард зээлээ төлж болохоор л санагдаад байгаа юм. Сард 4 долоо хоног байна гэж үзээд 28 хоног тэгээд долоо хоногийн 1 өдөр явахгүй гэхээр 24 хоног болж байгаа юм тэгээд 10000 төг хийлээ гэхэд 240000 гээд болчихмоор л байгаа юм даа…энэ тал дээр мэргэжлийн хүний үүднээс зөвлөгөө өгөөч миний бодож үзээгүй ямар нэг эрсдэл байна уу гүү юу хэр зөв алхам болох бол?)
Мэдлэг 20-с хариулт: Ирээдүйн орлогоороо зээл авах боломжгүй байдаг. Та аав, ээж, ах, эгчийн нэр дээр зээл аваад төлөлтийг нь өөрөө хийгээд байж болох юм.

МЭДЛЭГ20: Мянган-машин веб сайтын зүгээс нийт хэрэглэгчиддээ зориулан “Мэдлэг-20” мэдээлэл, зөвлөгөө өгөх аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд сар бүр хэрэглэгчдэд нэн шаардлагатай, чухал 20 сэдвийн хүрээнд мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, гадаад эх сурвалж, статистик тоо баримтад тулгуурлан нийтлэл бэлтгэн гаргаж байх юм. Та бүхэн мэдэхийг хүссэн, тодруулах шаардлагатай сэдвүүдээ https://www.facebook.com/1000mashin/ пэйж хуудсанд хандан бидэнд ирүүлээрэй. Холбоо барих дугаар: 70001050
 
 
 
 
Өмнөх
Машины лизингийн хамгийн хурда...
Дараах
Toyota Prius VS Toyota Aqua