МАШИНАА ҮЗЛЭГТ ХАМРУУЛАХАД БЭЛЭН ҮҮ?

Монгол улсад ашиглаж байгаа автомашины 90% нь олон жил ашиглагдсан хуучин автомашин байдаг ба жолооч автомашин эзэмшигчид үзлэгийн талаар ойлголт бага байдгаас автомашин нь үзлэгт тэнцэхгүй давтан үзлэгт орж цаг заваа гарздах тохиолдол их гардаг.

Тэгвэл автомашинаа нэг удаагийн оролтоор тэнцэхэд юуг анхаарах, хэрхэн төвөгшил багатайгаар үзлэгтээ орох талаар зөвлөгөөг хүргэж байна. Үзлэгт тэнцэхгүй байх хамгийн түгээмэл тохиолдлуудын болон тэдгээрийг хэрхэн зөв шийдвэрлэх талаар дараах 3-н зааварчилгааг та анхааралтай уншаад бэлтгэлээ хийгээрэй.
Улсын үзлэгт дараах үзүүлэлтээр шалгалт хийдэг: 


1. АВТОМАШИНЫ ТАТВАР

Улсын үзлэгт орохын өмнө автотээврийн хэрэгслийн татвар төлсөн эсэхийг шалгадаг тул үзлэгт орохоос өмнө тухайн жилийнхээ татварыг төлсөн эсэхээ шалгаарай.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэний тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор дараах хуваарийн дагуу татвараа төлөх ёстой.

  • 1, 6 тоогоор төгссөн бол Нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол Хоёрдугаар сард
  • 3, 8 тоогоор төгссөн бол Гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол Дөрөвдүгээр сард
  • 5, 0 тоогоор төгссөн бол Тавдугаар сард
  •  
Автомашин эзэмшигч бүр дараах 3 төрлийн татварыг төлдөг. 
  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Агаарын бохирдолын төлбөр
  • Автозам ашигласны төлбөр
    Татварыг харъяа дүүргийнхээ татварын албанд төлөх ба албан татварын хувь хэмжээний дэлгэрэнгүйг ЭНЭ хаягаар орж хараарай.

2. ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ
Монгол улсын Жолоочийн даатгалын тухай хуулиар тээврийн хэрэгсэл өмчлөгч, тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогч жолооч бүр уг даатгалд хамрагдсан байх ёстой гэж заасан байдаг. Та жолоочийн хариуцлагын даатгалд дараах суурь хураамжийг жил бүр төлнө.
Даатгалын хураамж: 
Автомашины ангилал Суурь хураамж /төг/
"А" 12,500
"В" 33,000
"С" 42,500
"D" 53,000
"Механизм" 12,500

3. АВТОМАШИНЫ БЭЛТГЭЛ ХАНГАХ
 
  • Бичиг баримтын зөрчилгүй байх
    Үзлэгт орохоор ирэгсдийн хамгийн их зөрчлийн нэг нь бичиг баримтын зөрчил байдаг. Автомашины шилжилт хөдөлгөөний бүртгэл, арлын дугаар, эзэмшигчийн нэр, өнгө зэрэг зөрөх, тэмдэглэл хуучирч уншигдахгүй байх гэх мэт. Та бичиг баримтын зөрчилгүй байхын тулд автомашины гэрчилгээ, эзэмшигчийн иргэний үнэмлэх зэргийг авч ирэх, мөн бичиг баримттай холбоотой ямар нэгэн өөрчлөлт орсон тохиолдолд Авто тээрийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтэст холбогдох тэмдэглэлийг хийлгээрэй.
  • Аюулгүй байдлын иж бүрдлийг хангах
    Галын хор, Эмийн сан, Ослын тэмдэг. Эдгээр зүйлсүүд автомашинд болон жолооч нарт заримдаа байдаг заримдаа байдаггүй, харин техникийн үзлэг эхлэнгүүт бүрэн болгож бүрдүүлэх гэж яарцгаадаг. Уг нь бол зөвхөн шалгагч байцаагчид үзүүлэх зориулалттай бус таны автомашинд заавал байж зарим тохиолдолд аминд орох зүйлүүд юм шүү.
  • Автомашины өнгө үзэмж
    Үзлэгийн шалгуурын стандартад 10см ээс их өнгө үзэмж муутай, будаг халцарсан, ханзарч урагдсан тохиолдолд өнгө үзэмж муутай гэж үздэг.
  • Автомашины техникийн бүрэн бүтэн хэвийн ажиллагаа
    1. Салон доторх төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа
    2. Шил, толины бүрэн бүтэн байдал түүний хэвийн ажиллагаа
    3. Цахилгаан тоноглол, гэрлийн тусгал, гэрэл лампын бүрэн байдал, сигнал, хамгаалалтын бүсний хэвийн ажиллагаа
    4. Явах ангийн дуу чимээ тоормосны хэвийн ажиллагаа
    5. Тэнхлэг тохиргоо, дугуйн хээ, хийн даралт жигд эсэх
    6. Моторын дуу чимээ, Утааны хэмжээ хэвийн эсэх
  • Таны автомашинд дээрх эд ангиуд хэвийн зөв ажиллаж байгаа эсэхийг өөрсдөө болон мэргэжлийн хүмүүсээр шалгуулж засуулаад очвол цаг завыг хэмнэж нэг удаагийн оролтоор тэнцэх болно.

Эцэст нь хэлэхэд Авто тээврийн хэрэгслийн улсын үзлэг нь зөвхөн шалгуулахын тулд очдог газар биш жилд 1 удаа таны автомашины жолооч зорчигчдын тав тахтай зорчих, байгаль орчинд үзүүлэх хорт нөлөөллийг бууруулах, автомашины аюулгүй байдлыг хангах зэрэг олон сөрөг үр дагаврыг бууруулахын тулд үзэж оношлож өгч байгаа үйл ажиллагаа гэдгийг зөвөөр хүлээн авч үзлэгт тэнцээгүй тохиолдолд засаж сайжруулах арга хэмжээ аваарай.

УЛСЫН ҮЗЛЭГТ ТЭНЦЭХГҮЙ БАЙХ ШАЛТГААН

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ИЖ БҮРДЭЛ

  • Ослын гурвалжин тэмдэг
  • Галын хор
  • Эмийн сан
  • Гэрчилгээ
  • Даатгал
  • Татвар
 


 

Өмнөх
TOYOTA PRIUS 30 МАШИНЫ ТАЛААРХ...
Дараах
АВТОМАШИН ХУДАЛДААНЫ ЭКО СИСТЕ...