Нэгэн цагт WRC(World Rally Championship)-д түрүүлснээрээ алдаршсан тус брэнд сэтгэл татам байдлаа алдаж одоо Outlander шиг гэр бүлд зориулсан хэмнэлттэй кроссоверуудыг борлуулахад анхаарлаа хандуулж байгаа билээ. Гэхдээ Mitsubishi бууж өгөхийг хүссэнгүй бололтой. Загваруудынхаа бүрэлдэхүүнд нэгэн сэтгэл догдлуулам машиныг нэмсэн бөгөөд энэ долоо хоногт Вьетнамын Мотор Шоунд Mitsubishi XFC Concept кроссоверыг нээсэн юм.
Mitsubishi "Энэхүү кроссовер нь сэтгэл хөдөлгөм спортлог хийгээд футурист гадаад үзэмжтэй, өдөр тутмын амьдралд хамгийн тохиромжтой гэдгээрээ машин сонирхогчдыг байлдан дагуулах нь дамжиггүй. XFC концепц нь 2023 онд Вьетнамаас эхлээд Зүүн Өмнөд Азийн зах зээлд борлуулагдах бөгөөд кроссоверын дараагийн үеийн хөгжилд томоохон өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
Mitsubishi-ийн тодорхойлсноор, дугуйны өндөр болон том диаметртэй дугуйнууд нь бартаат замд тээврийн хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой гэнэ. Жолоодлогын горимын хувьд энгийн, нойтон зам, хайрга, шавар гэсэн дөрвөн горимтой. Мөн цаашдаа эрлийз хувилбар гаргахаар төлөвлөж байгаа юм байна.
Дотоод дизайны хувьд доторх орон зайг томосгох тал дээр ихээхэн анхаарснаас гадна гайхалтай харагдах гурван өнгийн оруулга бүхий суудал, шинэлэг жолооны хүрд, урт хийгээд том хяналтын дэлгэцийг санал болгож байгаа бөгөөд жолооч болон зорчигчийн аюулгүй, тав тухтай жолоодлогын орчин, мөн дэвшилтэт дизайны мэдрэмжийг илэрхийлэхэд шаардлагатай бүхий л боломжийг бүрдүүлсэн гэнэ.