Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 390 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан автомашины шатахуун зарцуулалтын шинэчилсэн нормд дараах гол өөрчлөлтүүд орсон. Үүнд:
- Дэд бүтцийн сайдын 2004 оны 19 дүгээр тушаалаар 2004 он хүртэл үйлдвэрлэсэн автомашинуудын жишиг норм тусгагдсан байсан. Энэхүү нормыг шинэчлэн 2007 оноос хойш үйлдвэрлэсэн Монгол Улсад 10-аас дээш тоогоор орж ирсэн автомашинуудын жишиг нормыг шинээр тогтоосон.
- Дэд бүтцийн сайдын 2004 оны 19 дүгээр тушаалаар өвлийн улиралд автомашины шатахуун зарцуулалтын үндсэн нормыг 5 хувиар нэмэгдүүлэн тооцож байсныг автомашины өвлийн улирлын шатахуун зарцуулалтын судалгаа /шинээр инжектор, хосолмол хөдөлгүүртэй автомашинуудыг судалгаанд хамруулсан/, туршилтын дүнг үндэслэн гадна хэмээс хамааруулан автомашины үндсэн нормыг 10-25 хувь хүртэл нэмэгдүүлэх, хосолмол хөдөлгүүр бүхий автомашинд уг өвлийн улирлын нэмэгдэл дээр 50 хүртэл хувиар нэмэгдүүлэн тооцохоор шинэчлэн тогтоосон.
- Хөдөлгөөний эрчмийн нэмэгдэл буюу Улаанбаатар хотын түгжрэл, саатал ихтэй авто замд ажиллах автомашины нэмэгдлийг Дэд бүтцийн сайдын 19 дүгээр тушаалаар 5,5 хувиар тооцож байсныг Улаанбаатар хотын авто замын өнөөгийн нөхцөлд хийсэн автомашины шатахуун зарцуулалт судалгааг үндэслэн 25 хувиар нэмэгдүүлэн тооцох зэрэг автомашиныг бодит зарцуулалттай нийцүүлэх нэмэлт өөрчлөлтүүдийг тусгасан болно.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 390 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан автомашины шатахуун зарцуулалтын шинэчилсэн нормыг мөрдөхөд дараах асуудлыг анхаарах шаардлагатай байна. Үүнд:
- Уг тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан автомашины жишиг норм нь автомашины шатахуун зарцуулалтын үндсэн нормыг тогтооход баримжаа болох бөгөөд бодит зарцуулалттай уялдуулан үндсэн нормыг автомашин бүхий аж ахуйн нэгж байгууллага өөрсдөө тогтоож мөрдөнө.
- Уг тушаалын 1 дүгээр хавсралтад 2007 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинуудын шатахуун зарцуулалтын жишиг норм шинээр тусгагдсан тул 2007 оноос өмнө үйлдвэрлэгдсэн автомашинуудын хувьд мөрдөж байсан өмнөх жишиг нормоо мөрдөнө.
- Уг тушаалд 2007-2019 онд үйлдвэрлэсэн автомашинуудын нормыг тусгасан тул уг марк загварын тэмдэглэгээг сайтар тулгах. Хөдөлгүүрийн багтаамж, түлшний төрөл таарч байгаа ч үйлдвэрлэсэн он, тухайн оны хийцийн онцлогтой холбоотойгоор шатахуун зарцуулалтын зөрүү гарч болохыг анхаарах.
- Автомашины жишиг норм нь дулааны улиралд хотын гадна замд /шулуун замд/ тогтоосон ямар нэгэн нэмэгдэл тооцоогүй норм тул Улаанбаатар хотын замд хүйтний улиралд зарцуулж байгаа шатахуун зарцуулалттай харьцуулах боломжгүй болохыг анхаарах. Учир нь уг жишиг норм дээр хөдөлгөөний эрчим /Улаанбаатар хотын замын/ 25%, хүйтний улирлын 20%-ийг нэмж тооцоод бодит зарцуулалттай жишиж /суудлын автомашины хувьд/ үзэх шаардлагатай.
- Автомашины шатахуун зарцуулалтад тусгагдаагүй, марк загвар тохирохгүй байгаа автомашины жишиг нормыг автомашин бүхий аж ахуй нэгж байгууллага иргэд өөрсдөө тогтоож мөрдөх заавар, зөвлөмжийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 390 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтад тусгасан уг заавар, зөвлөмжийн дагуу тогтоож мөрдөх шаардлагатайг анхаарна уу .
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 390 дүгээр тушаал гарсантай холбогдуулан автотээврийн хэрэгслийн ашиглалтын нормыг тогтоох, тооцох талаар аж ахуйн нэгж байгууллагын санхүү, техник ашиглалтын чиглэлийн албан хаагчдын дунд сургалт зохион байгуулах боломжтой.