Б.Энх-Амгалан сайд Монголын агаарын тээврийн “Хүннү эйр” ХХК 2019 оны 07 дугаар сард Улаанбаатар-Алма Ата-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхээр томилогдсон бөгөөд дээрх чиглэлд 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зуны цагийн хуваариар, 98 хүний суудалтай Embrear ERJ-190 маягийн агаарын хөлгөөр нислэг үйлдэхээр төлөвлөж байгааг дурдав. Үүнд Казахстаны эрх бүхий байгууллагаас тус компанид нислэг үйлдэхтэй холбоотой зөвшөөрлийг зохих журмын хүрээнд олгоход дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Мөн тэрбээр монголын талын улс хоорондын автотээвэрлэгч компани Казахстаны Алма Ата, Талдыкорган, Семей, Усть-Каменогорск хотуудын авто вокзалтай гэрээ байгуулах, казахстаны хилээр зорчигч тээврийн автобусыг шуурхай нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах шаардлага хэрэгцээ байгааг онцлов.
Элчин сайд Ж.Ж.Адилбаев Б.Энх-Амгалан сайдын саналыг зохих байгууллагад уламжлахаа мэдэгдээд тус улс агаарын нээлттэй зарчим нэвтрүүлсэн учир “Хүннү эйр” зэрэг монголын авиа компаниуд Алма Ата хотын нисэх буудалд буусан тохиолдолд Казахстан Улсын бүх хотууд руу нислэг үйлдэх боломжтойг онцлов. Мөн Монголын зам, тээврийн салбарт үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой казахстаны тээврийн салбарын компаниудад дэмжлэг үзүүлж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Энх-Амгалангаас хүслээ. Хоёр тал автотээвэр, төмөр замын салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхээр тохиролцов.
Уулзалтын төгсгөлд, ирэх 04 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдах Монгол-Казахстаны засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас өмнө хоёр улсын зам, тээврийн салбарт хамтран ажиллах төслүүдийг тодорхойлж, харилцан шийдвэр гаргуулж, хамтран ажиллахаар тогтлоо.