ХУДАЛ АМЛАЛТ: Хугацаандаа хүлээлгэж өгөөгүй Дарханы замын ажилд хариуцлагагүй дарга нарыг нь дайчлая

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж шинэчлэх шийдвэрийг гаргасан. Төлөвлөгөө ёсоор зам засварын ажил 2019 оны арваннэгдүгээр сард дуусах байсан боловч өнөөдрийг хүртэл зам ашиглалтад ороогүй байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлдэг учраасзам өргөтгөх, шинэчлэх ажил хэт удаашралтай байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй, чухам энэ замаас болж олон иргэн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Сайдын хоосон амлалт ба салбарынхны авилга
 

Дархан-Улаанбаатарын зам ингэж “там” болоод есөн сарын нүүр үзлээ. ЗТХ-ийн сайд Б. Энх-Амгалан “2019 оны арваннэгдүгээр сард Дарханы зам ашиглалтад орчихно” хэмээн ам бардам хэлж байсан цаг саяхан. Салбарын сайдын хэлсэн хугацаа хэдийнэ өнгөрөөд гурван сарын нүүр үзэж байгаа ч Дарханы замд гарсан ахиц алга. Сайдаасаа гадна хоёр оны зааг дээр авлигын хэрэгт холбогдож, үйлдэл дээрээ гардуулсан ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ хүртэл “Хоцрогдлыг арилгуулах шаардлага өгсөн. Энэтхэгийн зөвлөх компани өдөр тутмын хяналтаа тавьж байна. Төлөвлөсний дагуу арваннэгдүгээр сарын 1-нд хөдөлгөөнийг нээнэ” гэж улс даяар зарлаж байсан удаатай.

Үнэндээ Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км замын шинэчлэлтийн ажил удаашрахын хэрээр Төрийн томоохон албан тушаалтны ханцуй доторх наймаа ил болж байна. Авлига, албан тушаалын хамгийн ноцтой, хамгийн дуулиантай хэргүүд энэ яамааровоглодог болсоор удлаа. Жишээ нь, ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд албан өрөөндөө их хэмжээний юанийн хахууль аваад сууж байхдаа АТГ-ын ажилтнуудад баригдсан. Үүнээс өмнө нь тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд мөн л эрх мэдлээ урвуулан ашиглаж, хахууль авсан хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан, шалгагдаж байсан.

Гурван сарын дотор зургаан хүн амиа алдсан

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засвар, шинэчлэлийн ажил эхэлснээс хойш гурван сарын хугацаанд түр зам дээр 70 шахам зам тээврийн осол бүртгэгдэж, зургаан хүн амь насаа алдаж, 20 орчим хүн бэртэж гэмтээд байна. Түүнээс хойш ч хэд хэдэн ноцтой осол гарсан юм. Улаанбаатараас Дархан чиглэлд явж байсан нийтийн тээврийн том оврын автобус осолдож, 30 гаруй иргэн зорчиж явснаас нэг нь нас барж, таван хүн гэмтсэн хэрэг ч гарч байлаа. Түүнчлэн, эвдрэл ихтэй, цагаан шороо боссон түр зам дээр иргэд автомашинаа эвдэх, осол гаргаж эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол буурахгүй байгааг албаны эх сурвалж төдийгүй жирийн иргэд ч хэлж байна.


Нийтдээ 300 гаруй хүний амь эрсэдсэн гэсэн судалгаа гарчээ

Дархан-Улаанбаатар хоорондын 204 километр автозамын өргөтгөл шинэчлэлийн ажилтай холбогдуулан Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгийн залуучууд байр сууриа илэрхийлж байлаа. Өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр болсон энэ хэвлэлийн бага хурлын үеэр олны анхаарлыг татах хэд хэдэн мэдэээллийг хүргэсэн. Тухайлбал, Дархан-Уул аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд: “Иргэд цахим сүлжээнд уг замын ажилтай холбоотойгоор өөрт тохиолдсон хүндрэл бэрхшээлийн тухай их бичиж байна. Гэвч үүнийг хэлэлцэх, анхаарал хандуулж ажиллах байгууллага алга. Иймд бид бүхэн “Дарханы зам засвар, иргэдийн хяналт” гэсэн фэйсбүүк групп нээсэн. Автозамын газраас гаргасан хохирлын судалгаагаар эхний хагас жилийн байдлаар энэ зам дээр 300 гаруй хүний амь эрсэдсэн, 200-гаад авто ослын гэмт хэрэг, 100 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, гэмтэж бэртсэн гэсэн судалгаа бий. Гэтэл гурван яам хамтраад энэ чиглэлийн ном гаргаж, нийт ослын 97,7 хувь нь жолоочийн буруугаас үүдэлтэй гэж бичиж ард иргэдээ 100 хувь буруутгаж байна” хэмээсэн юм.

Орхон аймгийн Эрдэнэт хотын иргэн Д.Энхзориг: “Би 2003 оноос хойш автотээврийн салбарт тасралтгүй ажиллаж буй Монгол улсын зөвлөх инженер зэрэгтэй. Энэхүү номонд 97,7 хувь нь жолоочийн буруугаас, 2,1 хувь нь явган зорчигчийн буруугаас, 0,2 хувь нь замын нөхцөл байдлаас гарсан гэж дүгнэсэн байна. Замд гарсан саадыг тойрч гарах гэж яваад осол гарах тохиолдол олон. Гэвч яам иргэдийн буруугаас болсон гэж үзсэн байна. Өнөөдөр иргэдийг 100 хувь буруутгаж байгаа нь яамдууд ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл. Тухайн осолд орсон машиныг бүрэн шалгаж дууссаны дараа дүгнэлтээ гаргалгүй, иргэдийн буруу хэмээн шийдэж буй нь оновчгүй шийдвэр гэж үзэж байна” гэжээ.

Хохирсон иргэд нэгдэж тэмцэхээр болжээ

Өнгөрсөн есөн сарын хугацаанд ЗТХЯ-ны “там” болгосон Дарханы замд хохирсон иргэд нэгдэхээр давалгаалж эхлээд байна. Дарханы замын нүх, энхэл донхол, том чулуу зэргээс болж дугуйгаа хагалсан, тоосжилтоос болж харагдах орчин хязгаарлагдсан байдлаас болжосолдсон гэхчилэн тоолвол 200 хол давна. Жишээлбэл, Дарханы замд байдаг Төв аймгийн Баянчандмань сумын дундуур өнгөрдөг төв замын хурд сааруулагч нь стандартын шаардлага хангадаггүй. Яг тэр хэсэгт маш олон жолооч машиныхаа дугуйг хагалахаас эхлээд эд ангиа эвддэг. Эрүүл мэндээ алдаж, амь насаараа хохирсон хохирлыг хэрхэн яаж барагдуулах вэ. Хэн хариуцлага хүлээх вэ. Жолооч нарын хувьд нэгэнт авто зам ашигласны татвар, төлбөрөө цаг тухайд нь төлөөд явж байгаа учраас ийн нэхэмжлэх болсон нь ч аргагүй. Харин ч ганц, нэгээрээ хэрхэх учраа олохгүй байсан иргэд цахим орчинд нэгдэж, дуу хоолойгоо нэгтгэн, хохирлоо барагдуулахаар тэмцэхээ мэдэгдлээ.

 

Өмнөх
Маргаашнаас ихэнх нутгаар хүйт...
Дараах
Цахилгаан автобусыг ирэх сарын...