Яагаад PRIUS гэж?
2010 оны 96.300км гүйлттэй, S хувилбар бүхий “4.5” кузовын үнэлгээтэй, харин салоныг “B” гэж үнэлсэн PRIUS 30 авлаа. Auction буюу дуудлага худалдааны дээрх хоёр үнэлгээг орчуулах юм бол будаг засвар хийгдэж байгаагүй, салон бол бараг л шинэ гэсэн үг.
Шинэхэн хүлэг маань наранд гялалзаад зогсож байна. Сэтгэл догдлоод сүртэй шүү. Рулийн ард суулаа, түлхүүр нээрээ зоохгүй ш дээ, POWER товчлуурыг дараа л аслаа. Самбар дээр “Welcome to Prius” бичиг гарч ирээд унтарлаа. Баруун гар талд “READY” гэсэн бичиг асав. Зүүн гар талд байгаа бяцхан арааны бариулыг шилжүүллээ хөдөлгүүр чимээгүй л байна. Хаазан дээр алгуурхан гишгэнгүүт машин маань зугуухан хөдөллөө.
Би PRIUS-ыг жолоодож байна!!!
Анзаартал бензин бүүр дуусаж байгаа юм байна. Самбар дээр шатахууны үлдэгдлээр явах километрийн заалт “0”-гийг заагаад улам сандаргаж эхэллээ. Ашгүй колонк ойрхон байж таарлаа. Банкаа дүүргэж аваад хөдөллөө, дүүргэсэн бензинээр 1,000 гаруй км явна гэж заалт зааж байна. Ийм хэмнэлттэй байдаг бол сайхан л байна. Хөөрхий компьютер хуучин япон зам дээрх тооцоогоо л гаргасан байх.
Манай зам дээр, манай бензинээр тэгээд өвөл эхэлж байхад буусан гэдгээ компьютер ойлгоогүй л байгаа хэрэг. Хожим нь 4- 5 удаа банкаа дүүргэж дуусгасны дараа компьютер жинхэнэ зөв тооцооллоо хийдэг боллоо.
Өвөл 100 км-д 10 литр бензин зарцуулдаг гэсэн яриа “худлаа” болохыг ашиглалтын эхний долоо хоногт мэдлээ. Орой байрны гадаа тавихад 100км-д 12 литр зарцуулагдаж байна гэсэн мэдээлэл компьютер заана. Түгжрэлд өдрийн цагийн ихэнхийг өнгөрөөнө. Дээр нь нэмээд миний hybrid машин унаж байгаагүй туршлагагүйтсэн жолоодлого нөлөөлсөн бололтой. Жаахан туршлагажаад ирэхэд PRUIS-ийг бага идүүлээд яваад байх аргууд бас байна.
Явалтаараа Corolla-тай адилхан. Салон нь харин хамаагүй илүү, гэрэл нь ч бас Corolla-гаас хавьгүй сайн тусгалтай.
Жолоодлогын хувьд Hybrid машиныг анх барьж байгаа хүнд зарим зүйлсэд дасах зарим зүйлсийг шинээр сурах хэрэгцээ гарна. PRIUS ямар ч тохиолдолд жолоочид сонголт хийх боломжийг олгодог.
Шатахуунаа хэмнээд намбалаг явъя гэвэл “ECO mode”-ийг сонгоно. Гэрэл дохионоос дугуйгаа шарвуулаад ухас хийгээд яваад байя гэвэл “POWER mode” дээр тавина. Харин EV горимд оруулаад бензин хөдөлгүүрээ унтрааж зөвхөн цахилгаан мотороор явж бас болно. Нэг бол энэ бүхнийг мартаад зүгээр л бариад яваарай, автомашин өөрөө яаж хэмнэхээ мэднэ дээ...
Шатахууны зарцуулалтыг real-time горимд харуулдаг индикатор нь нэг литр бензинээр хэдэн километр зам туулах боломжтой эсэхийг харуулна. Хаазаа туртал нь гишгээд байвал 10км хавьцаа үзүүлэлт гарна, жаахан зөөлөн гишгээд явбал 20км болох жишээтэй. Хаазаа гишгэхээ байхад бензин хөдөлгүүр унтарч 40км гэсэн заалтыг ч үзүүлнэ. Мөн сүүлийн 15-30 минутад хэчнээн бензин зарцуулсныг ч харж болно.
Индикатор нь хааз гишгэлтийн даралтын хэмжээ, аккумуляторын цэнэглэлт, ECO жолоодлогын горим зэргийг харуулдаг. Зарим таалагдаагүй зүйлс бас байна шүү. PRIUS-ийн салон битүүмжлэл жаахан тааруу. Өөрийн хөдөлгүүр бол яах вэ сонсогдохгүй. Гэтэл хажуу эгнээний машины хаазлах чимээ тодоос тод сонсогдоно.
Бас нэг зүйл гэвэл багааж болон энд тэнд “царцаа” дуугарна. Битүүмжлэлийг сайжруулахын тулд машины тусгай силикон шүршигчээр доод тал болон крылог шүршсэн, дажгүй юм билээ. Замын чулуу, бага зэргийн цохилтоос хамгаалчихна. Эхлээд хатуу битумийн суурьтай силиконоор шүршээд дараа нь арай зөөлөн силиконоор бүрхсэн энэ шийдэл үнэхээр гайхалтай!
PRIUS - ЦАГ ҮЕЭСЭЭ ТҮРҮҮЛЖ АЛХАГЧ
Toyota PRUIS-ийг анх 1997 онд Японы зах зээл дээр гаргасан бөгөөд тэр үедээ анхны hybrid хөдөлгүүртэй цуврал автомашинд тооцогдож байв. Тухайн үед PRUIS-г шатлалгүй хурдны хайрцаг бүхий цахилгаан болон бензин хөдөлгүүрээр тоноглож байлаа. 2003 онд PRUIS-д хүч хувиргагч нэмж тавьснаар явах ангийн ашигт үйлийн коэффициент бодитойгоор өссөн.
Харин 2009 онд 90 хувиар сайжруулсан Hybrid Synergy Drive хөдөлгүүрээр тоноглож эхэлсэн. Сонирхолтой нь нэг болон хоёрдугаар үеийн hybrid PRUIS-д засвар хийлгүүлэхэд маш бага зардалтай.
Мэргэжилтнүүдийн тооцоолсноор Corolla-тай харьцуулахад 36% бага зардал гардаг аж. Учир нь тоормосны тэлэгчүүд гэхэд л 100,000км гүйлтийн нормтой, аккумулятор нь ашиглалтын бараг бүх хугацаанд цэнэгээ алддаггүй, харин диодон их гэрлүүд нь 20 жилээс багагүй хугацааг тэсвэрлэх чадвартай юм байна!
Хэмнэлт бас дахин хэмнэлт
Найдвартай, чанартай хийгдсэн автомашин таныг тэр болгон засварын газруудаар явуулаад байхгүй. Үүн дээр ч бас их хэмнэлт гарна шүү. Тэр тусмаа шатахуун бага зарцуулдаг автомашин таны төсвөөс ихийг хэмнэнэ. Хавар дулаарч эхлэхэд бензин зарцуулалт өвөлтэй харьцуулахад эрс багасаад эхэлсэн. Өвөлдөө 100км-д 7л хавьцаа зарцуулж байсан бол зун 5л гэсэн тоо руу дөхөөд байгаа шүү. Би ч air-con нээх их хэрэглээд байдаггүй л юм.
Харин мониторын үзүүлэлтээ тогтмол хянаад аль болох ECO горимд явахад 100км-д 4л рүү ойртож байна лээ. Тэгээд ч ийм олон хяналтын тоо график байхад гэрээсээ гарахдаа “хамгийн бага бензин зарцуулалттай явах өдөр” гээд өөрөө өөртэйгээ өрсөлдөж болно. Яг адилхан нөхцөлд Fielder, PRIUS хоёрыг ашигласан гэж үзээд зардлаа харьцуулахад PRIUS дээр өвлийн нөхцөлд 20% харин зун бол бараг 30%-ийн хэмнэлт гарч байна.
Эх сурвалж: Доктор Авто Сүлжээгээс эрхлэн гаргасан Prius сэтгүүлээс