ЦАХИЛГААНЫ ХҮЧ - PRIUS 20

Япончууд уг загвартаа Prius буюу латинаар “манлайлах, цаг үеэсээ түрүүлэх” гэдэг нэрийг бодлоготойгоор өгсөн болж таарсан. Шатахуунд хэмнэлттэй энэхүү hybrid автомашин Euro-5-ийн үнэлгээгээр хамгийн бага  хорт хий ялгаруулдаг бөгөөд Forbes сэтгүүлийн хувилбараар Prius-ийг дэлхийг өөрчилсөн шилдэг 10 автомашины жагсаалтад оруулаад зогсохгүй дэлхийд хамгийн их зарагдсан hybrid машинаар тооцдог ажээ. 
Түүхэн хуудсыг сөхвөл Япончууд анхны Prius болох NHW10-ийг 1995 оны Токиогийн автосалоноор танилцуулж 1997 оны 12 сараас эхлэн Prius 10-г худалдаанд гаргасан юм. Үүнээс хойш гурван жилийн дараа NHW11 индекстэй илүү сайжруулсан хувилбар болох Prius 11-ийг 2000-2003 хооронд үйлдвэрлэж байв. 

Харин 2003 оноос NHW20 Prius 20-ийн түүхэн замнал эхэлж тус загварыг 2011 он буюу бүтэн 8 жилийн туршид нийт 1,192,000 ширхэг борлуулсан гэсэн тоо баримт байдаг. 

Үйлдвэрээсээ 160,000км баталгаатай ирдэг 1NZ-FXE хөдөлгүүр, 240,000км баталгаатай цахилгаан мотор болон 1.3-4.4кВт бүхий өндөр вольтын аккумулятортай. Товчхондоо, бензин хөдөлгүүрийн онцлог болон тоормосноос цахилгаан энерги үүсгэдэг аргачлалтай. Гэрлэн дохиогоор зогсох, түгжрэх эсвэл уруудах үед бусад автомашин сул ажиллаж бензин зарцуулдаг бол Prius-ийн хөдөлгүүр тэр чигтээ унтардаг.

Иймээс энэхүү “шидэт” хөдөлгүүр 100-д 4,3 л шатахуун зарцуулдаг гэсэн байдаг. Харин манайд цаг уур, шатахууны октан болон замын нөхцөлөөс хамаарч зарцуулалт нь харилцан адилгүй. 

Практик сургамж

Жолоочийн суудлаас бүх товчлуур, залгуур гарын дор. Хөдлөхийн тулд тоормозны дөрөө дээр гишгэж POWER товч дээр 1 удаа дарна, ингэхэд монитор ба хянах самбар асаж түүн дээр READY гэсэн бичиг гарна. 

Ингээд л явж болно. Хэрэв зогсож байхад хөгжим эсвэл паар, кондишноо асаах бол тоормозны дөрөө дээр гишгэхгүйгээр POWER товчийг дарна. 100 км/ц хурд авахад 11-12 секүнд шаардагдана. 100-аас 130 км/ц хүрэхэд моторын чадал хүрэлцэнэ, түүнээс дээш хурд авахад хүч арай дутна. Техникийн үзүүлэлтэд зааснаар 180 км/ц хурдыг аажим авна гэсэн байдаг. 

Prius 20-ийн хувьд 100-120 км/ц хурдтай явахад шатахуун зарцуулалт шулуун замд 4,5л/100км, салхины шуугиан сонсогддоггүй, салон дотор намуухан ярьж болно. Энэ үед хөдөлгүүрийн дуу чимээ бараг сонсогдохгүй. Үйлдвэрлэгч 92-оос доошгүй октантай бензин хэрэглэхийг зөвлөдөг. 

EV товчийг дарахад автомашин зөвхөн цахилгаан хөдөлгүүрээр хөдөлнө. Хааз дээр огцом гишгэхэд EV горим салгагдаж бензин хөдөлгүүр асна. EV горимыг хэт халуун болон хэт хүйтэнд ажиллуулж болдоггүй. 

Бага хурдтай явахад жолооны хүрд маш хөнгөн, хуруугаар залж болмоор. Их хурдтай явахад мэдэгдэхүйц хүндэрнэ. 

Анхаарах: 

Жолооч талд:

  • Жолоочийн хүрдийг нааш, цааш түлхэх тохируулгагүй. 
  • Хөргөлтийн шингэний төвшин заагчгүй 
  • Толгойн түшлэгийг налуулах тохируулгагүй. 
  • Тохойвч хэт нам 

Явалт:

  • Хурдтай жигд явбал бүх юм ОК. Гэвч Улаанбаатар хотын замаар 60-аас дээш хурдтай жигд явах боломжгүй. 
  • Ерөнхийдөө хотод тохирсон шатахуунд онцгой хэмнэлттэй сайн машин.




 
Өмнөх
АККУМУЛЯТОР ХОЛБОЖ АСААХАД ХОР...
Дараах
ХЭМНЭЛТИЙН СЭНСЭЙ PRIUS 30