Эрхэм жолооч болон шинээр жолооч болж буй нийт хэрэглэгчиддээ энэхүү мэдээллээр хүүхдийн машины суудал зөв зохистой хэрэглэх, ирээдүй хойч үе болсон үр хүүхдээ аюулгүй тээвэрлэх тухай мэдлэг болгон хүргэж байна.
"Зориулалтын суудал нь нярай хүүхдийг ослоос үүдэх нас баралт, гэмтэл бэртлээс 70 хүртэлх хувиар, бага насны хүүхдийг 50 хүртэлх хувиар хамгаалдаг” гэх мэдээлэл бий. Энэ нь маш өндөр үзүүлэлт бөгөөд ослоор амиа алдаж байгаа хоёр хүүхэд тутмын нэгнийх нь амийг хамгаалах бололцоотой гэсэн үг юм.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ зориулалтын суудалд авч явах, зориулалтын суудалны зөв хэрэглээг хэвшүүлэх асуудал чухал байна.
Мөн хүүхдийн нас, жингээс хамаарч суудалнууд өөр байдаг. Энэ талаар доор зургаар харуулав.
Хүүхдийн машины суудал манай улсын зах зээл дээр шинэ, хуучнаасаа хамаараад 50-400 мянган төгрөгний үнэтэй байна. Өөрөөр хэлбэл сая гаруй төгрөгийн үнэтэй гар утаснаас хамаагүй хямдаар хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж болох нь.
Хүүхдийн машины суудал худалдан авахдаа дараах зүйлсийг анхаарна.
- Хэрэглэж байсан хуучин суудал худалдан авах нь тийм ч сайн зүйл биш гэдгийг зөвлөх байна. Гэвч хэрвээ та хүүхэддээ хэрэглэж байсан суудал авах гэж байгаа бол энэ нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.
- Үүнд: Суудлыг үйлдвэрлэсэн хугацаа, үйлдвэрлэгчийн нэр, хэрэглэх заавар зэрэг нь байгаа эсэхийг шалгах /зөвхөн үйлдвэрийн суудал аюулгүй байдал, эрсдэлийг нарийн сайн тооцсон байдаг/.
- 5-аас бага жилийн эдэлгээтэй байх /Хүүхдийн машины суудлыг 6-аас дээш жил хэрэглэдэггүй/
- Эвдэрч, гэмтсэн хэсэггүй байх
- Тухайн суудал нь урьд өмнө нь аваарт орж байсныг та мэдэх боломжгүй бол аваад хэрэггүй.
Таны бяцхан үрд хамгаалалтын суудал нь багадсаныг хэрхэн мэдэх вэ?
Хэрэв таны хүүхдийн толгойн гуравны нэгээс илүү хэсэг нь суудлын түшлэгээс дээш гараад, эсвэл доод бүслүүр хүүхдийн мөрний доороос эхлээд байвал /хамгаалалтыг бүс түүний мөрний дээд хэсгээс эхлэж байвал зөв/ энэ нь таны хүүхдэд өөр хамгаалалтын суудал хэрэгтэй болсныг илтгэнэ. Харин “0+” болон олон үүрэгтэй загварын суудлыг хэрэглэх тохиолдолд зорчих чигийн эсрэг байрлуулж явахад бүс нь мөрний жаахан дороос эхлэх ёстойг мэдэж байвал зүгээр.
Хаана байрлуулах вэ?
Машины суудлыг байрлуулах хамгийн зөв байршил бол ослын дэрний харалдаа автомашины хойд талын суудал юм. Хэрвээ урд суудалд байрлуулвал ослын дэр задрах үед хүүхэд амь насаа алдах аюултай. Мөн та арын суудалдаа хүүхдийнхээ машины суудлыг байрлуулахдаа хаалганы хажууд бус суудлын голд байршуулах нь аюул багатай гэдгийг анхаарна уу.
Хэрхэн бэхлэх вэ?
Автомашинд аюулгүйн суудлыг бэхлэх хоёр арга байдаг. Манайд голдуу автомашины аюулгүйн бүсээр тогтоодог. Зааврын дагуу бэхлэхгүй бол хамгаалах суудал үүргээ гүйцэтгэх нь битгий хэл, таны бүхээг дотор “нисч” ч болно. Мэргэжилтнүүд хамгаалалтын суудлыг машины зөвхөн баруун, ард суурилуулахыг зөвлөж байна. Статистик судалгаагаар энэ нь зам тээврийн ослын үед хамгийн эрсдэл багатай хэсэгт тооцогддог байна.
АНХААРАХ: Автомашины хүүхдийн суудал нь зөвхөн таны хүүхдийг машинаар зорчиход зориулагдсан болохыг анхаараарай. Хэрэв та гэртээ байх хугацаандаа хүүхдээ машины суудалд удаан хугацаагаар суулган саатуулах бол энэ нь таны хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд таагүй нөлөөтэйгээс гадна хүүхэд чинь суудлаас унаж бэртэх аюултай. Мөн машинд хэрэглэхээс бусад үед хүүхдийг энэ суудалд унтуулж, амраахыг хориглоно.
Ингээд эцэг эхчүүдэд эцэст нь зөвлөхөд тухайн суудлын үйлдвэрлэгчийн зөвлөмж хамгаас чухал гэдгийг анхаараарай. Учир нь автомашины суудал дотроо маш олон төрөл байдаг. Тиймээс тухайн суудал бүр өөрт тохирсон тусгайлсан зааварчилгаатай байгаа.
Хүүхдээ аюул ослоос холуур байлгаж, эрүүл энх өсч торинох бүхий л нөхцөл боломжоор хангах нь эцэг, эх та бидний нэн тэргүүний үүрэг хариуцлага билээ.
ХЯМД ҮНЭЭР, САРД ЕРДӨӨ 350000 ТӨГРӨГ ТӨЛӨХ НӨХЦӨЛТЭЙ АВТОМАШИНТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
ТА ЭНД ДАРЖ ЭНЭ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦААРАЙ!!!
Дээрх мэдээлэлтэй холбоотой фэйсбүүк уралдаанд та идэвхитэй оролцоорой!