Хамгийн урт зам туулж, дээд амжилт тогтоосон машинууд

АНУ-ын автомашин сонирхогчдын дунд нэгэн хүсэл байдаг нь өөрийн машинаар сая километр, түүнээс илүү хол зам туулах явдал юм. Гүйлтийн хэмжээ нь 999 999 болох үед зургийг нь авч бусдад харуулна гэдэг бол бахархмаар зүйл аж. Арга ч үгүй юм, сая миль гэдэг бол 1.6 сая км шүү дээ. Гэхдээ үүнээс хол зам туулж чадсан, онцгой төмөр хөлгүүд цөөнгүй бий

 

 

13Герхард Шотт, "Moskvich-2140"

 

Гүйлт: 1 000 000 км

Үйлдвэрлэсэн он : 1976

Хөдөлгүүр : бензин L4, 75 м.х

Орос машин, бүр «Москвич-2140». Герхард Шотт 1976 онд энэ машиныг аваад 2016 онд сая км давсан ба Герхард дахиад 500 000 өлхөн явна гэж бодож байгаа гэнэ. Хэрвээ ингэж чадвал нөгөө Америкийн сая миль-д хүрэх билээ. 40 жил энэ машиныг ашиглах үедээ нэг удаа мотор сольж байснаас өөрөөр том засвар хийгээгүй байна. “Энэ машин найдвартай сайн машин, гэм нь амархан зэврэх гээд байдаг юм даа” гэж Герхард ярьжээ.



 

12Билл Макичерн, "Porsche 911 Turbo"

 

Гүйлт: 1 250 000 км

Үйлдвэрлэсэн он : 1976

Хөдөлгүүр: Бензин, V6 турбо, 300 м.х (морины хүч)

Канадын иргэн Билл Макичерн өөрийн хайртай Porsche 911 Turbo-гоо 44 жил унаж байгаа аж. Олон машиныг ийм хугацаагаар зүгээр хадгалаад ч тэсэхгүй байх. Билл 1975 онд энэ машинаа анх Midnight Blue өнгөтэй, спорт суудалтай байхаар захиалсан бөгөөд авснаасаа хойш өдөр болгон унаж эдэлж байгаа юм. Энэ хугацаанд хэдхэн удаагийн жижигхэн шүргэлцээн, нэг удаагийн багахан осолд орсноос өөрөөр эвдэрч байгаагүй гэнэ. Энэ оны хавар германы энэхүү супермашины  милл 1 250 000 км хүрчээ. Одоо ч явсаар байгаа учир илүү шинэ амжилтууд эзэн, хөлөг хоёрыг хүлээж байгаа нь тодорхой.



 

11Шелдон Купер, "Volvo 240DL"

 

Гүйлт: 1 250 000 км

Үйлдвэрлэсэн он : 1986

Хөдөлгүүр : дизель L4, 82 м.х

Пенсильваны Шелдон Купер нь Вольво машиныг сонирхогч, алдартай рекорд эзэмшигч нэгэн юм. 1967 онд «164» загварыг худалдан аваад 400 000 км явсан бөгөөд 1986 онд В21 дизель хөдөлгүүртэй  Volvo 240DL машиныг авч 26 жилд сая миль туулжээ. Уг машины үйлчилгээг хийдэг дилерийн төвийн хэлж байгаагаар бол цаг хугацаандаа үйлчилгээ хийдэг байсан болохоос хөдөлгүүр болон бусад эд ангиудыг ер оролдоогүй гэнэ. 2015 онд тэрээр өөрийн төмөр хөлгөө  уг машины дилер Lehman-д бэлэглэжээ.



 

10"BMW 325iS"

 

Гүйлт: 1 672 899 км

Үйлдвэрлэсэн он: 1990

Хөдөлгүүр: Бензин, L6, 171 м.х

Автомат хурдны хайрцагтай энэ BMW 325iS үйлдвэрээс гарч байхдаа ямар хувь заяа хүлээж байгаагаа мэдээгүй биз ээ. Mobil компани энэ машиныг өөрийн туршилтад зориулж аваад тусгай зам дээр (гүйлтийн замтай адил) 4 жилийн турш “гүйлгэж “ байхдаа хурдыг нь 70-137 км/цаг байхаар янз бүр болгож байсан гэдэг. Ийм байдлаар сая миль туулсны дараа машиныг задалж үзэн шалгаад дахин угсарснаас хойш дахин туршилтад орж “гүйсээр” нийт туулсан зам нь 1,7 сая км болжээ. Дараа нь энэ машиныг нэгэн саятны гарашаас олсон гэдэг бөгөөд үүний дараа л жинхэнэ зам дээр гарсан байна.



 

9Фарра Хейнс, "Hyundai Elantra"

 

 Гүйлт: 1 600 000 км

Үйлдвэрлэсэн он : 2013

Хөдөлгүүр : Бензин, L4, 150 м.х

Америкийн Канзас мужийн энэ эмэгтэй өөрийн Hyundai Elantra-г таван жил ашиглахдаа сая миль туулсан бөгөөд энэ хооронд мотороо ганц ч солиогүй гэнэ. Жилд бараг 320 000 км явсан гэдэгт итгэхэд бэрх ч энэ бүсгүй бүр 500 000 км явах бодолтой байсан гэдэг. Харин Hyundai  компанийн Америк дахь салбар бүсгүйд 2019 оны шинэ, алтан хүрээт дугаар бүхий Elantra бэлгэлснээр тэрээр энэ мөрөөдлөө шинэ машин дээр гүйцээхээр болсон билээ.



 

8Жо ЛоЧицеро, "Honda Accord"

 

Гүйлт: 1 600 000 км

Үйлдвэрлэсэн он : 1991

Хөдөлгүүр : бензин L4, 150 м.х

Энэхүү жагсаалтад багтсан эхний Япон хөлөг болох Honda Accord нь АНУ-д их дэлгэрсэн машин юм. Энэ машиныг авто замын хянагч Жо ЛоЧицеро нь үйлдвэрлэгдээд 6 жил болсны дараа аваад сар болгон 8000 км туулдаг байснаар 2011 онд сая милийг давсан байна. Үүний нууц нь юу байв гэсэн асуултад “цагтаа тосоо солих, зөв хянамгай эдэлгээ” хэмээн эзэн нь хариулсан байна. Тэр жилийн 10-р сард нутгийн Darling Auto Group Honda нь шинэ Аккордыг Жод бэлэглэсэн бөгөөд өнгө нь яг л хуучин машин шиг нь хөх өнгөтэй байжээ.




 

7Мэтт Фара, "Lexus LS 400"

 

Гүйлт: 1 600 000 км

Үйлдвэрлэсэн он : 1996

Хөдөлгүүр : бензин V8, 294 м.х

Зарим Америкчуудын хувьд сая миль давна гэдэг нь бараг л амьдралынх нь зорилго байдаг. Үүнд хүрэхийн тулд янз бүрийн арга хэрэглэх нь бий. Жишээ нь авто машины талаар бичдэг сэтгүүлч Мэтт Фара нь 1UZ-FE V8 хөдөлгүүртэй, Lexus LS 400 машиныг авах үед гүйлтийн хэмжээ нь 900 000 миль байж. Чухам сая миль давсан машинтай хүний нэг болохын тулд ийм машин авсан хэрэг. Гэхдээ уг машин нь өөрөө сая миль туулсан учир үүнд ямар нэг болохгүй зүйл үгүй. Фара нь өөрийн найз нартайгаа нийлэн байж үлдсэн 100 000 милийг туулсан бөгөөд 2019 онд одометр нь 999 999 заалтад хүрчээ.



 

6Питер Гилберт, "Saab 900"

 

Гүйлт: 1 600 000 км

Үйлдвэрлэсэн он : 1989

Хөдөлгүүр : бензин турбо L4, 175м.х

Сааб машин болон турбо мотор нь найдваргүй гэдэг дэмий яриаг няцаах цаг ирлээ. 1989 онд үйлдвэрлэгдсэн Saab 900 Turbo машиныг эзэмшигч Питер Гилберт үүний нэг баталгаа. 2006 он гэхэд Питер энэ машинаар 1 001 385 миль газар туулсан ба дараа нь Милоуки хотын авто машины музейд бэлгэлсэн билээ. Уг машин одоо хүртэл тэнд байгаа бөгөөд  мань эрд 2007 онд шинэхэн Saab 9-5 Aero машиныг компаниас бэлэглэсэн гэдэг.



 

5Жорж ба Лузстелла Кошел, "Mercedes-Benz 280SE"

 

Гүйлт: 1 600 000 км

Үйлдвэрлэсэн он : 1970

Хөдөлгүүр : бензин V6, 160 м.х

Жорж ба Лузстелла Кошел нь 1970 онд Германд байхдаа энэ машиныг авч хэрэглэсээр 2004 онд сая давсан миль зам туулаад машинаа буцаагаад Mercedes-Benz компанид зарсан байна. Дараа нь энэ машиныг 2005 оны Детройтын авто машины үзэсгэлэнд тавьсан гэдэг. Яг ийм машинаар 4,5 сая км туулсан Афины таксины жолооч Грегориосе Сачинидисе-ийг бас дурдах хэрэгтэй. Гэхдээ энэ хүн тэр хол замыг туулахдаа 4 хөдөлгүүр хэрэглэсэн байжээ.




 

4Виктор Шеппард, Аарон Морвант, "Toyota Tundra"

 

Гүйлт: 1 650 000 км

Үйлдвэрлэсэн он : 2007

Хөдөлгүүр : бензин V8, 276 м.х

Энэ аварга том машин нь Америкт ихээхэн нэртэй бөгөөд маш бат бөх хөлөг хэмээн тооцогддог юм. Үүний баталгаа болгож хоёр жишээ дурдахад хангалттай байх. Виктор Шеппард 2007 онд шинэ “Тундр” аваад 2016 он гэхэд сая миль давсан байв. Америк дахь Тойотогийн салбар түүнд талархсанаа шинэ машинаар илэрхийлсэн гэдэг. Харин түүний найз Аарон Морвант нь энэ зайг туулахын тулд арай их хугацаа зарцуулсан буюу 2019 онд л сая милээ давжээ.



 

3Чет Билайл, "Lincoln Town Car"

 

Гүйлт: 2 000 000 км

Үйлдвэрлэсэн он : 1983

Хөдөлгүүр : бензин V8, 162 м.х

Фордын 5,7 эзлэхүүнтэй ,V8 Windsor хөдөлгүүр бүхий Lincoln Town Car бол Америкийн бахархал болсон хүлэг юм. Олон ийм машинтай хүн ажил гэрийн хооронд, хаяа амралт зугаалгаар явдаг бол энэ машиныг эзэмшигч Чет Билайл нь дан Америк орноор аялан зугаалсаар 2 сая км замыг туулжээ.



 

2Пол Харман, Mercedes-Benz 240D

 

Гүйлт: 4 599 999 км

Үйлдвэрлэсэн он : 1976

Хөдөлгүүр : дизель L4, 68 м.х

1976 оны Mercedes-Benz 240D нь одоо Штутгарт дахь музейд бий. Эзэн нь болох Пол Херман хэмээх Америк эр уг машиныг тус музейд өгчээ. Анх тэрээр энэ машиныг 1983 онд авах үед 60 000 км гүйлттэй байсан гэдэг. Тухайн машины энэ их зам туулсны нууц нь 5000 км тутамд тос сольж байсан явдал гэж эзэн нь өөрөө хэлсэн байна. Мөн солих ёстой эд ангийг цаг бүрт нь сольж, үйлчилгээ хийж байсан ба 900 000 км явсны дараа бүх резинэн эд ангийг сольж, машиныг бүтнээр нь будаж янзалжээ.  



 

1Ирв Гордон, "Volvo P1800"

 

Гүйлт: 5 148 000 км

Үйлдвэрлэсэн он : 1966

Хөдөлгүүр : бензин L4, 120 м.х

Ингээд хамгийн сүүлд нь Гиннесийн номонд бичигдсэн Volvo 1800S болон түүний эзэн Ирв Гордоны тухай танилцуулъя. 1966 онд Ирв энэ машиныг Америкт байхдаа худалдаж авсан ба автомашин сонирхогчдын анхаарлыг анх 1998 онд 2,7 сая км туулаад байх үедээ татаж эхэлсэн байна. 2013 онд Аляскад байх үед нь заалтын хэмжээ 3 сая миль (4,87 сая км) хүрсэн гэдэг. Харамсалтай нь 2018 онд Гордон 77 насандаа бие барсан бөгөөд түүний машин тэр үед 5 148 000 км туулаад байжээ. 



Эх сурвалж : https://www.caak.mn/view/8282474/ 

 

 
 

 

Өмнөх
Энэ долоо хоногт мотоциклтойго...
Дараах
NISSAN-ЫН ШОШГО ШИНЭЧЛЭГДЭНЭ