Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хурлаар сар шинийн баярын өдрүүдэд хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаах эсэхийг хэлэлцсэн юм. Улсын онцгой комисст 13 аймгийн Онцгой комиссын даргаас санал ирүүлжээ. Тодруулбал, битүүн, шинийн 1-3-ны өдрүүдэд улс хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах хүсэлт ирүүлсэн байна. Тиймээс Улсын онцгой комиссоос энэ сарын 23-ны 08.00 цагаас 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хаах шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, битүүний өдрийн 08.00 цагаас шинийн 4-ний 08.00 цаг хүртэл нийслэл болон орон нутаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар болов.
Үүнд нислэг хамаарахгүй бөгөөд бусад автобус, вагон, автомашинаар зорчих хөдөлгөөн хамаарах аж.
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Хөдөлгөөнийг Замын цагдаагийн газрын Тээврийн цагдаагийн албатай хамтарч хянана. Аймгийн Засаг дарга нар Онцгой комиссын гишүүн учраас үүрэг даалгавар авсан. Онцгой комиссынхон хамтарч ажиллана” гэв.
Мөн энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Зам хаах шийдвэр нэгэнт гарсан. Ойрын өдрүүдэд цас орохоор байна. Хулгайн замаар зорчиж, цасанд сууж өөрийнхөө болон хамт яваа зорчигчдынхоо эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй байхыг жолооч нарт анхааруулъя. Ийм байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Хулгайн зам ашиглахгүй байхыг онцлон анхааруулъя” гэсэн юм.