Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 01-ний хооронд нээхээр ажиллаж байна гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлэв.
Налайхын 20.9 км авто замын төслийн хүрээнд, 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр, 5 байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам баригдах ёстой. Тэгвэл 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажил бүрэн дуусаад байна.
Авто замын ажлын хүрээнд 85.730 м3 хөрс хуулах ажил, 205.800 м3 ухмалын ажил, 568.538 м3 даланг дүүргэх, 20.26 км хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 18.4 км хэсэгт суурь асфальто хучиж, 19 км тусгаарлах хашлага суурилуулжээ. Үлдсэн 2.5 км авто замын суурийн доод үеийг дүүргэх, цементээр бэхжүүлсэн суурь үеийн ажлуудыг хийж байна.
Авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг суурь асфальто хучилтаар нээж байгаа бөгөөд хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор хэвтээ тэмдэглэлийг ирэх онд өнгө хучилтын ажлыг хийх хүртэл түр хийж байгаа болно.
Мөн Налайхын чиглэлийн авто замын дагуу Туул гол дээгүүр 282 урт метр, 4 эгнээ зорчих хэсэг, явган зам бүхий Баянзүрхийн шинэ гүүрийн барилгын ажил дуусаж, авто замын хамт замын хөдөлгөөнийг нээхээр бэлтгэл ажлыг хангаж байна.