Энэ зун хур бороо их орсноос нийслэлийн хэмжээнд 104 авто зам их бага хэмжээгээр эвдэрсэн гэдгийг албаныхан хэлж байна. Замын эвдрэл гэмтэл нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчимд шууд нөлөөлдгөөс гадна тээврийн хэрэгслийн эд анги эвдрэх шалтгаан болдог байна. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын эвдрэл гэмтлийг тойрч гарахын тулд эсрэг урсгал уруу орох, эгнээ байр өөрчлөх гэх мэт үйлдлийг хийх үедээ мөргөлдөж, шүргэлцэн зам тээврийн осол гаргадаг байна.
Жолоочийн ур чадварыг замын эвдрэл гэмтлүүд шалгадаг гэх явган яриа бий. Гэвч замын эвдрэл тээврийн хэрэгсэл эвдрэх гол шалтгаан болдгийг авто засварын төвүүдийн инженер, засварчид хэлж байна Авто замын эвдрэл гэмтлээс болж тээврийн хэрэгслийн явах эд анги эвдрэх, цахилгаан автомашины тэнхлэг тохиргоо алдагдаж, засвар хийх шаардлагатай болдог байна. Харин жолооч нарын буруутай үйлдлээс болж мотор доголдох зэрэг хүнд гэмтэл гардгийг мэргэжилтнүүд хэллээ.Мөн тэнхлэг тохиргоо алдагдах, тульк, амаржин мууддаг байна. Ер нь замын эвдрэл гэмтлээс болж машины эд анги муудаж, эвдэрч байна. Машины дугуй, обуд хагарч, тэнхлэг тохиргоо алдагдсан тохиолдол их, ийм шалтгаанаар жолоочид хохирч байна . Тухайн нүхийг тойрох гэж байгаад боржуур мөргөсний улмаас машиных нь эд анги гэмтэх нь их. Харин мотор эвдрэх, хроп муудах зэрэг нь жолоочийн буруу үйлдлээс болсон байдаг байна. Цахилгаан автомашины хувьд гэхэд л ядахдаа л ус зайлуулах шугамгүй. Үүнээс болж борооны ус, үер туулахад л машины эд анги эвдэрдэг. Ялангуяа гарны болон босоо тульк, явах эд анги их амархан гэмтэнэ. Цахилгаан автомашины хувьд тэнхлэг тохиргоо нь их алдагдана. Жишээ нь зөвхөн амаржин муудахад бусад эд анги нь ч бас муудна. Гэтэл тэр бүх эвдрэл гэмтлийг жолоочид нэг дор засуулж, эд ангийг нь солих санхүүгийн боломж муутай. Хэсэгчлэн засвар хийлгэх нь их байдаг хэмээн засварын газрын инженерүүд хэлж байна.
Жолооч нарын хувьд хотын зам хавар, зун, намрын улиралд хамгийн их бартаатай, хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байдаг аж. Учир нь цас хайлах, усархаг борооны улмаас зам дээр нүх дайралдах нь их гэнэ. Түүнийг нь мэдэлгүйгээр хөдөлгөөнд оролцох үеэр автомашиных нь дугуй хагарч, хавагнах, явах эд анги гэмтэх, обуд сэвтэх, хагалах зэрэг эвдрэл их гардаг байна.