Анхны автомашин бүтээгчийн эрхэм хүндэт нэр алдрыг Германы Готлиб-Даймлер, Карл Бенз (1844-1929) нар л хүртжээ. Хоёулаа 1885 онд жинхэнэ өөрөө хөдлөх тэргийг зохион бүтээж патентыг нь зохих ёсоор авжээ.
Бенз нь хийн хөдөлгүүртэй тэрэг (Германы 1886 оны 1-р сарын 28-ны өдрийн 37435 тоот патент), Даймлер нь нэг мөртэй тэрэг (1885 оны 4-р сарын 3-ны өдрийн 34826 тоот патент), 1886 онд 4 дугуйтай тэрэг тус тус хийжээ.
Бенз мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд хөдөлгүүр зохион бүтээж, бусадтай хамтран хийн хөдөлгүүрийн нэгэн жижиг үйлдвэр байгуулж, чөлөөт цагаараа 1885 онд анхныхаа автомашиныг бүтээсэн юм.
Олон жилийн туршид К.Бенз гурван дугуйтай моторт тэрэг хийж байлаа. Энэ тэрэгний бүдүүвч энгийн бөгөөд жолоодлогын хувьд элдэв бэрхшээлгүй байв. Бенз маркийн гурван дугуйтай машины боловсронгуй байдлыг харуулахын тулд 1888 онд Бензийн гэргий Берт хоёр хүүгийнхээ хамт нөхрөөсөө нууцаар 180 км замд анхны холын зайн туршилт хийжээ. Бензийн овжин шаламгай гэргий замдаа тосгоны нэгэн гуталчныд тоормосоо шинээр нөхөж, нэгэн дархны туслалцаатайгаар дамжуулгын суларсан гинжийг богиносгож, цахилгааны утсыг резинээр тусгаарлан сүлбээр зүүгээр түлш өгөх гуурсыг сэтгэж цэвэрлэж явжээ. Тэд хүнсний мухлаг, эмийн сангаас бензин авч байлаа.
Даймлерийн анхны автомашин хоёр дугуйтай байсан нь мотортой дугуй хэлбэртэй болжээ.
Даймлер болон түүний шавь нар цаашид дөрвөн дугуйтай, бүхээгтэй, 4-6 суудалтай автомашин хийв. Харин Бензийг дагалдагсад ХХ зууны эх хүртэл гурван дугуйтай, төмөр утсан хэсгээс бүхий дугуйтай, 2-3 суудалтай, хөнгөн төмөр хоолойгоор хийсэн аралтай, унадаг дугуйн залуур бүхий машин хийж байлаа.
Бенз болон Даймлерийн “морьгүй тэрэг”-ийг Герман оронд хэрэглэх хүн ховор байсан. Учир нь хотынхон хөдөлгүүрт бензиний уур дэлбэрч сүйд хийхээс айна. Германы сонинуудад бензинээр явдаг тэрэг бүх дэлхийд аюул учруулахыг цагдаагийн газар зөвшөөрөх ёсгүй гэж бичиж байлаа. Даймлер тэргээ шөнөөр хотоос зайдуу турших болжээ. Даймлер хөдөлгүүрээ усан онгоцонд тавихдаа заль хэрэглэв. Усан онгоцныхоо хүрээг тойруулан эргээс сайн харагдахаар шаазан тусгаарлагч дундуур дамжуулах утас татжээ. Усны завь нь бензинээс аюул багатай цахилгаанаар явдаг гэж хотынхонд итгүүлжээ. Явах бүрдээ гал командыг бэлэн байдалд байлгахын тулд хаагуур явах, хаана зогсох тухайгаа цагдаагийн газарт мэдэгдэж байх үүргийг хотын захиргаанаас Бензэд өгч байлаа. Эдгээр зохион бүтээгчид хожим нь патентаа Францад худалдсан юм. Үүний ачаар Франц удаан хугацааны туршид автомашины үйлдвэрлэлээр тэргүүлэх гүрэн байв. Тэдний патентаар Францын үйлдвэрийн эзэд нь өөрсдийн марктайгаар зах зээлд гарч байв.
Та орчин үеийн Японоос орж ирсэн баталгаатай, бэлэгтэй, хямд автомашинууд үзэх бол ЭНД ДАРНА уу!