ХАЛТИРГААТАЙ ЗАМ ДАХЬ АЮУЛГҮЙ ЖОЛООДЛОГО

Хальтиргаа гулгаатай үед хэрхэн аюулгүй зорчих вэ? Машин шарвасан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? Энэ талаар багахан зөвлөгөө хүргэе.

1. Хальтиргаатай замд хурдаа ердийнхөөсөө 5-10 км/ц-аар багасгах.

2. Хурдтай явах үедээ өмнөх машинаасаа 3-4 машины хэмжээтэй зай баримтлах.

3. Жолооны дээд хэсэгт хоёр гараа зөв байрлуулж (цагаар бол 9 / 3 цагт) бэлэн байдалд явах.

4. Эргэлт болон шарвах үед тормоз огт гишгэхгүй байх. Мөн, механик тэрэгтэй бол, араа салгаж явахгүй байх.

5. “Хэвтээ цагдаа” болон гарц, буудал, “зогс” шугам зэрэгт ойртох үед хаазнаасаа тормоз луу хөлөө эртхэн шилжүүлж бэлдэнэ. Ихэнхи машин ABS-тэй тул шулуун замд огцом тормоозлохдоо аль болох чанга гишгэнэ. Зарим мэргэжилтнүүд “босч зогстлоо” гишгэж болно гэдэг.

6. Нуруугаа сандлын арын хэсэгт аль болох нааж явах. Энэ тохиолдолд машин тогтворгүй болж байгааг цаг алдалгүй мэдэж, хариу арга хэмжээ авах бололцоотой болдог. Ер нь суудалдаа нуруугаа бүхэлд нь нааж явах нь жолоо барих хамгийн зөв байрлал гэдгийг мартаж болохгүй. Мөн ингэж наасныхаа дараа гараа хүчлэлгүйгээр урагш сунгахад бугуй үеэрээ жолоон дээр чөлөөтэй тавигдаж байх нь суудлын байрлалын зөв тохиргоо болдог.

7. Тун саяхан л яваагүй бол тухайн замын нөхцөл байдлыг аажуухан болон огцом тоормоз гишгэж шалгаж байх нь илүүдэхгүй. Мэдээж, зорчих хэсэг чөлөөтэй, бусдад болон өөрт аюул учрахааргүй тохиолдолд.

Үнэндээ, шарвасан үед өмнө нь сонссон зөвлөгөөг гэнэт санан, ухамсартайгаар биелүүлнэ гэдэг сандарсан жолоочид хэцүү. Тиймээс ийм нөхцөл байдал үүсссэн тохиолдолд яах вэ гэдгээ аюулгүй орчинд урьдчилан туршаад үзэхэд тун гэмгүй. Ялангуяа, жаахан сахилгагүй жолооч нар. Шарвалтыг зориудаар үүсгэж чадсан бол жинхэнэ шарвалтын үед зөв арга хэмжээ авдаг гэж үзэх нь ч бий. Гэхдээ энэ бол туршлагатай жолооч нарт илүү хамаарах зүйл.

Харин туршлагагүй, сандруу нөхдүүд яах вэ. Мэдээж, дээр дурдсан аюулгүйн дүрмийг баримтлана. Харин яах аргагүй шарвасан бол аль болох сандрахгүй байхыг хичээ. Судлаачид шарвах үед жолооч ихэнхи үйлдлийг зөнгөөрөө хийдэг болохыг тогтоожээ. Тиймээс, шарвах үедээ машин гулгаж байгаа зүгт биш аль болох өөрийн явах гэж зорьж байсан зүг рүү, хамгийн аюулгүй зүгрүү харж үйлдлүүдээ хийх нь ихээхэн тус болно.
Харин өөрийгөө хянах чадвартай гэж боддог, хянадаг болох сонирхолтой жолооч нарт доорх зөвлөгөөг хүргэж байна.

Энд онцлоход, машин давхар хөтлөгчтэй бол техникийнхээ тодорхойлолтоор аль хөтлөгч давуу хувьтай хөтөлдөг болохыг тотоогоод "урд", эсвэл "ардаа" хөтлөгчтэй машинтай үед авах арга хэмжээг нь дагаарай. Жишээ нь, Subaru Forester-ын “урд”, “ард” хөтлөлт энгийн үед ойролцоогоор 60% / 40% гэсэн харьцаатай явдаг.


Зургийн тайлбар: Шарвалтаас гарах
Халтиргаатай замд жолоо барихдаа шарвахгүйн тулд дараах энгийн дүрмийг баримтлаарай.
- Зөвхөн шулуун замд тоормослох
- Эргэлтэн дээр жигд хурд хадгалах
- Шарвах үед огт тоормослож болохгүй

Шарвасан тохиолдолд яах вэ?

1. Хальтаргаатай замаар зорчих үед машины арын хэсэг баруун эсвэл зүүн тийш шарваж болзошгүй
2. Шарвасан зүгрүү жолоог зөөлөн итгэлтэй эргүүлнэ. Үүнтэй зэрэгцээд хойноо хөтлөгчтэй автомашин хурдаа хасах ба урдаа хөтлөгчтэй бол эсэргээрээ хурдаа аажим нэмнэ. /Ямарч тохиолдолд тоормос гишгэж болохгүй/
3. Автомашины шарвалт зогсох үед жолоогоо шулуун чиглэлд зорчдог байрлалд буцаана. Учир нь таны автомашин эсрэг талруу шарвана.
4. Бүгд үйлдлийг зөв хийсэн бол машин анхны шулуун чиглэлдээ эргэж тогтоно.

Өмнөх
Автомашин
Дараах
Халтиргаатай өгсүүр, уруу замд...