Таалагдсан автомашин

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм болон шинэ дүрэмд орсон өөрчлөлтүүдээс

Хөдөлгөөнд оролцогчдын хувьд Замын хөдөлгөөний дүрмээ сайтар уншиж судлах төдийгүй дагаж мөрдөн биелүүлэх хэрэгтэйг! 

Шинэ дүрэмд орсон өөрчлөлтүүдээс

Явган зорчигч нь зорчих хэсгээр явж байхдаа:

  • Утсаар ярих,
  • Гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх,
  • Зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх,
  • Ном, сонин гэх мэт зүйл унших”,
  • Зорчих хэсэг дээр дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явахыг хориглосон байна.
  • Хороолол дотор гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг жолоочид хориглолоо.
  • Жолооч явган хүний гарцаар гарч байгаагаас гадна мөн гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөх үүрэг хүлээнэ.
  • Долоон нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хоригложээ.
  • 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана.
  • Харааны бэрхшээлтэй хүний цагаан таяг нь харанхуй үед гэрэл ойлгодог буюу гэрэлтдэг гадаргуутай байх шаардлагыг тусгажээ.
  • Өөрийн үйлдлийг хянах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй /сэтгэцийн өвчтэй/ хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй..
  • Автобусаар зорчигчийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглолоо.
  • Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхийг хориглосон байна.
  • Жолоочийн өвөр дээр, эсвэл суудлын ба ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хоригложээ.
  • Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа үйлчилгээний талбайд цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглов.
  • Суудлын таксинд нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрчээ.
  • Зарим уулзварт баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг байнгын нээлттэйгээр зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай болов.
  • Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хоригложээ.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ШИНЭЧЛЭГДСЭН ДҮРЭМ БҮРЭН ЭХЭЭРЭЭ
 

Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршино. Замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актууд нь энэ дүрмийн заалт шаардлагууд дээр үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино.

1.2. Энэ дүрэмд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.2.1. “автобус” гэж жолоочоос гадна наймаас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан, троллейбусаас бусад автомашиныг;

1.2.2. “автомашин” гэж мотоцикл, трактор, өөрөө явдаг машин механизмаас бусад механикжсан тээврийн хэрэгслийг;

1.2.3. “аюултай ачаа” гэж тээвэрлэлтийн үед хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл тарих, эд хөрөнгийн хохирол учруулж болзошгүй элдэв бодис, түүгээр хийсэн эд зүйл, үйлдвэрийн хаягдал, аж ахуйн зориулалт бүхий бусад зүйл болон тэдгээрийн ариутгаагүй сав, баглаа, боодлыг;

1.2.4. “байр эзлэх” гэж явж байгаа чигтээ эгнээ байраа солих үйлдлийг;

1.2.5. “бодит жин” гэж тээврийн хэрэгслийн тухайн үеийн жинг. Чирүүлж яваа тээврийн хэрэгслийн жинг бодит жинд оролцуулан тооцно;

1.2.6. “бүх жин” гэж тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жинг. Чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх жинг чирэгч, чиргүүл хоёрын бүх жингийн нийлбэрээр тооцно;

1.2.7. “гарц” гэж замын зэргэлдээх нутаг дэвсгэр рүү орох, түүнээс гарахад зориулсан зорчих хэсэг замтай нийлсэн бэлчрийг;

1.2.8. “гол зам” гэж уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь буюу энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1 «Гол зам», 3.3.а–3.3.в «Туслах зам нийлнэ», 5.1 «Тууш зам» тэмдэг (цаашид тэмдэг, тэмдэглэлийн зөвхөн дугаарыг зааж бичнэ) бүхий замыг;

1.2.9. “гүйцэж түрүүлэх” гэж явж байгаа эгнээнээсээ гаран эсрэг урсгал сөрж урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх, буцаж эгнээндээ орох үйлдлийг;

1.2.10. “гүйцэх” гэж нэг чигт зэрэгцээ эгнээгээр яваа тээврийн хэрэгслээс илүү хурдтай явах үйлдлийг;

1.2.11. “давуу эрх” гэж бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрхийг;

1.2.12. “ердийн хөсөг” гэж уналга, ачлагад ашиглаж байгаа мал, амьтан, түүнд хөллөсөн хэрэгсэл (хөсөг)-ийг;

1.2.13. “жолооч” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т заасныг;

1.2.14. “зайлшгүй зогсолт” гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг;

1.2.15. “зам” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4-т заасан болон хөдөлгөөнд нээлттэй хучилттай буюу шороон зурвас газрыг;

1.2.16. “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг;

1.2.17. “зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасныг;

1.2.18. “замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө;

1.2.19. “замын хөдөлгөөн” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.5-д заасныг;

1.2.20. “замын хөдөлгөөнд оролцогч” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.7-д заасныг;

1.2.21. “зорчих хэсэг” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсгийг. Зам нь тусгаарлах зурвасаар зааглагдсан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно;

1.2.22. “зохицуулагч” гэж замын хөдөлгөөн зохицуулах эрх, үүрэг бүхий хүнийг. Зохицуулагч нь дүрэмт хувцас, ялгах тэмдэгтэй байна;

1.2.23. “механикжсан тээврийн хэрэгсэл” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.2-т заасныг;

1.2.24. “мопед” гэж 50 куб.см-ээс ихгүй ажлын багтаамж бүхий дотоод шаталтат хөдөлгүүртэй, эсхүл 0.25 кВт-аас 4 кВт хүртэл чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь цагт 50 км-ээс ихгүй, хоёр буюу гурван дугуйт тээврийн хэрэгслийг;

1.2.25. “мотоцикл” гэж хөдөлгүүрийн ажлын багтаамж буюу чадал, эсхүл техникийн дээд хурд нь мопедынхоос илүү, хоёр дугуйт механикжсан тээврийн хэрэгслийг. Энд өөрийн жин нь 400 кг (ачааны зориулалттай бол 550 кг)-аас хэтрэхгүй гурван дугуйт болон мотоциклын төрлийн жолооны залууртай дөрвөн дугуйт механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна;

1.2.26. “саадыг тойрон гарах” гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл (зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт)-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг. Тухайн эгнээнд хөдөлгөөний нягтрал ихэссэнээс шалтгаалж зогссон буюу дүрмийн шаардлагыг биелүүлэхийн тулд зогсож байгаа тээврийн хэрэгслийг саадад тооцохгүй;

1.2.27. “сургууль орчмын бүс” гэж ерөнхий боловсролын сургуулийн ойролцоох замын хэсгийг хамруулж 5.25 тэмдгээр тэмдэглэсэн нутаг дэвсгэрийг;

1.2.28. “суурин газар” гэж 5.3, 5.5 тэмдгээр тэмдэглэсэн, хүн ам төвлөрч суурьшсан нутаг дэвсгэрийг;

1.2.29. “төмөр замын гарам” гэж төмөр замтай нэг түвшинд огтлолцсон замын бэлчрийг. Төмөр замын гармын өргөнийг төмөр замын хоёр талд байрлуулсан гэрлэн дохио буюу хаалт, эдгээр нь байхгүй бол 1.3.а (эсхүл 1.3.б) тэмдгийн хоорондох зайгаар тодорхойлно;

1.2.30. “тусгаарлах зурвас” гэж зэрэгцээ зорчих хэсгүүдийг хооронд нь тодорхой зайтай салгаж зааглахад зориулагдаж хийгдсэн, тээврийн хэрэгслийн зогсоол болон хөдөлгөөнд зориулаагүй замын хэсгийг;

1.2.31. “тууш зам” гэж эсрэг хөдөлгөөний зорчих хэсгүүд нь хоорондоо тусгаарлах зурвас, эсхүл замын хашилтаар зааглагдсан бөгөөд бусад зам болон явган хүний зам, унадаг дугуйн зам, мөн төмөр замтай нэг түвшинд огтлолцоогүй, 5.1 тэмдэг бүхий замыг;

1.2.32. “тээврийн хэрэгсэл” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.1-д заасныг;

1.2.33. “тээврийн хэрэгслээр зорчигч” гэж тээврийн хэрэгсэл дээр буюу түүний бүхээг дотор байгаа жолоочоос бусад хүнийг. Тээврийн хэрэгсэл рүү орж байгаа болон түүнээс бууж байгаа хүнийг мөн хамааруулж ойлгоно;

1.2.34. “түр зогсолт” гэж жолооч тээврийн хэрэгслээ 5 минутаас илүүгүй хугацаагаар зориуд зогсоосон үйлдлийг. Зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахад үүнээс илүү хугацаагаар зогсоосон үйлдэл нь түр зогсолтод хамаарна;

1.2.35. “удаан зогсолт” гэж зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахаас бусад тохиолдолд жолооч тээврийн хэрэгслээ 5 минутаас дээш хугацаагаар зориуд зогсоосон үйлдлийг;

1.2.36. “удаан явдалт тээврийн хэрэгсэл” гэж техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурд нь цагт 30 км-ээс илүүгүй механикжсан тээврийн хэрэгслийг;

1.2.37. “унадаг дугуй” гэж унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг (0.25 кВт-аас илүүгүй чадал бүхий цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон байж болно), хоёроос цөөнгүй дугуйтай (хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцрээс бусад) тээврийн хэрэгслийг;

1.2.38. “унадаг дугуйн зам” гэж унадаг дугуй, мопедын хөдөлгөөнд зориулсан, 4.4 тэмдэг бүхий зам, замын хэсгийг. Унадаг дугуйн зам нь бусад замаас хийцийн хувьд салангид буюу замын зорчих хэсэг, явган хүний замаас хайс, хашлага, хөвөөгөөр тусгаарлагдсан, эсхүл явган хүний зам дээр явган зорчигчийн хөдөлгөөн явагдах хэсгээс тэмдэглэлээр зааглагдсан буюу гадаргуугийн өнгө, төрлөөр ялгаатай байна;

1.2.39. “унадаг дугуйн эгнээ” гэж зорчих хэсэг дээрх унадаг дугуй, мопедын хөдөлгөөнд зориулсан, 4.4 тэмдэг бүхий эгнээг. Унадаг дугуйн эгнээ нь зорчих хэсгийн бусад эгнээнээс тэмдэглэлээр зааглагдсан байна;

1.2.40. “уулзвар” гэж замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир (зорчих хэсгийн захын дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг тал руу шулуун холбож хязгаарлахад үүсэх талбай)-ийг. Зорчих хэсгүүдийн огтлолцлын талбайг шар өнгийн шугамаар хүрээлж, хэрээслэн тэмдэглэсэн байж болно;

1.2.41. “үзэгдэлт хангалтгүй нөхцөл” гэж байгалийн үзэгдэл (цас, бороо, манан, шуурга гэх мэт) болон замд утаа, тоос боссоноос буюу бүрэнхий үед        300 м-ийн дотор зам харагдахгүй болсон нөхцөлийг;

1.2.42. “үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөл” гэж байгалийн тогтоц, газрын тэгш бус байдал, замын нугачаа, инженерийн болон ногоон байгууламж, барилга, объект, түүнчлэн тээврийн хэрэгсэлд замын дагуух үзэгдэх орчин халхлагдсан байдлыг;

1.2.43. “харанхуй үе” гэж үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох хүртэлх хугацааг;

1.2.44. “хороолол” гэж орон сууц буюу гэр хорооллын доторх зорчих хэсгийг хамруулж, 5.23 тэмдгээр тэмдэглэсэн нутаг дэвсгэрийг;

1.2.45. “хөвөө” гэж зорчих хэсгийн гадна талын захтай нэг түвшинд хиллэсэн, энэ дүрмээр зөвшөөрсөн хөдөлгөөн болон зогсоход ашиглах замын хэсгийг. Хөвөө нь зорчих хэсгээс гадаргуугийн төрлөөр ялгаатай, эсхүл                 1.2 тэмдэглэлээр зааглагдсан байна;

1.2.46. “хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх” гэж найм болон түүнээс олон хүүхдийг чиглэлийн бус автобусаар тусгайлан тээвэрлэх үйл ажиллагааг;
1.2.47. “цуваа” гэж тусгай гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслээр хамгаалуулан, ойрын гэрлээ асааж, зохион байгуулалттай цуварч яваа, энэ дүрмийн 3 дугаар хавсралтад заасан «Цуваа» таних тэмдэг (цаашид таних тэмдгийн зөвхөн нэрийг зааж бичнэ) бүхий гурав буюу түүнээс олон механикжсан тээврийн хэрэгслийг;

1.2.48. “чиглэлийн тээврийн хэрэгсэл” гэж тогтоосон буудал бүхий чиглэлийн дагуу зорчигч тээвэрлэх зориулалтаар нийтийн үйлчилгээнд явж байгаа автобус, троллейбусыг;

1.2.49. “чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ” гэж чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан, 5.14 тэмдэг болон 1.22 тэмдэглэл бүхий эгнээг;

1.2.50. “чиргүүл” гэж механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан тээврийн хэрэгслийг;

1.2.51. “эгнээ” гэж автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуух зурвасыг;

1.2.52. “явган зорчигч” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.11-д заасныг;

1.2.53. “явган хүний гарц” гэж явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан, 5.19.а, 5.19.б тэмдэг ба 1.13.а, 1.13.б тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвасыг. Тэмдэглэлгүй гарцын өргөнийг 5.19.а ба 5.19.б тэмдгүүдийн хоорондох зайгаар тодорхойлно;

1.2.54. “явган хүний гарам” гэж зорчих хэсэгтэй нэг түвшинд огтлолцоогүй, 5.20.а–5.20.г тэмдэг бүхий, явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан гарцыг;

1.2.55. “явган хүний зам” гэж явган зорчигчийн хөдөлгөөнд зориулсан замын хэсгийг. Явган хүний зам нь зорчих хэсэг, унадаг дугуйн замаас хайс, хашлага, хөвөөгөөр тусгаарлагдсан, эсхүл унадаг дугуйн замаас тэмдэглэлээр зааглагдсан байна.

1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

1.4. Замын тэмдэг, гэрлэн дохио болон хөдөлгөөн зохион байгуулах бусад техник хэрэгслийг эвдэж гэмтээх, халхлах, дур мэдэн байрлуулах, өөрчлөх, авч хаях, мөн замын хөдөлгөөнд саад болох, халтиргаа, шарвалт үүсгэх, тээврийн хэрэгслийн дугуйн доороос шидэгдэх, дугуйг хагалж болзошгүй элдэв зүйлсийг зам дээр хаях, асгах, орхих, замын хучилтыг бохирдуулах, эвдэх, гудамж замд хог хаяхыг хориглоно. Тухайн аюул, саадыг бий болгосон хүн, хуулийн этгээд нь түүнийг нэн даруй арилгах, хэрэв боломжгүй бол бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах талаар шаардлагатай арга хэмжээ авч, цагдаагийн алба, эсхүл замын хяналт (ашиглалт, арчилгаа, хяналт шалгалт) хариуцсан байгууллагад яаралтай мэдэгдэх үүрэг хүлээнэ.

1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино.

1.6. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Хоёр. Механикжсан тээврийн хэрэгслийн ангилал


2.1. Механикжсан тээврийн хэрэгслийг дор дурдсанаар ангилна:

        A-мотоцикл;

        B-жолоочоос гадна наймаас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);

        C-“D” ангилалд хамаарагдахаас бусад бүх жин нь 3500 кг-аас их автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);

        D-жолоочоос гадна наймаас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);

        BE-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “B” ангиллын автомашин;

        CE-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “C” ангиллын автомашин;

        DE-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “D” ангиллын автомашин болон угсраа автобус, угсраа троллейбус;

        M-трактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмжтэй бүрэлдэхүүн.

2.2. “C”, “D”, “CE”, “DE” ангиллын тээврийн хэрэгслийг дор дурдсанаар дэд ангилна:

        C1-бүх жин нь 7500 кг-аас илүүгүй “C” ангиллын автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);

        D1-жолоочоос гадна арван зургаагаас илүүгүй хүний суудалтай “D” ангиллын автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);

        C1E-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “C1” дэд ангиллын автомашин;

        D1E-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “D1” дэд ангиллын автомашин.

2.3. “A”, “B”, “C”, “M” ангилал болон “C1” дэд ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг арван найм, “D” ангилал болон “D1” дэд ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хорин нэгээс дээш насны хүнд олгоно.

2.4. “BE”, “CE”, “DE” ангиллын тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн жолоодох эрхийг тухайн харгалзах “B”, “C”, “D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий хүнд, түүнчлэн “C1E”, “D1E” дэд ангиллын тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн жолоодох эрхийг тухайн харгалзах “C”, “D” ангилал буюу “C1”, “D1” дэд ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий хүнд олгоно.

2.5. “C”, “D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий хүн нь тухайн харгалзах “C1”, “D1” дэд ангиллын тээврийн хэрэгслийг, мөн “CE”, “DE” ангиллын тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн жолоодох эрх бүхий хүн нь тухайн харгалзах “C1E”, “D1E” дэд ангиллын тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүнийг жолоодох эрхтэй байна.

2.6. Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хууль, журмын дагуу олгоно.

Гурав. Жолоочийн үүрэг

3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна:

        а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй);

        б/ тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ;

        в/ жолоочийн даатгалын баталгаа;

        г/ холбогдох хууль, эрх зүйн актад заасан ачааны болон бусад баримт бичиг;

        д/ «Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн» таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл жолоодоход тулгуур эрхтний бэрхшээлтэйг нотлох бичиг баримт.

3.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын хөдөлгөөнд оролцох механикжсан тээврийн хэрэгсэл нь тухайн бүртгэсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна жолооч нь дараахь бичиг баримттай байна:

        а/ замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ;

        б/ Монгол Улсын хилээр тухайн тээврийн хэрэгслийг түр хугацаагаар нэвтрүүлсэн тухай гаалийн байгууллагын тэмдэглэгээ бүхий баримт;

        в/ Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримт бичиг.

        Тайлбар: Тээврийн хэрэгслийн ялгах тэмдэг нь бүртгэлийн дугаарын тэмдэг дотор байж болно.

3.3. Зохицуулагч, цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа, автотээврийн болон байгаль орчны хяналтын улсын байцаагч энэ дүрмийн       8.16-д заасны дагуу зогсох дохио өгвөл жолооч тээврийн хэрэгслээ зогсоож, энэ дүрмийн 3.1, 3.2-т заасан бичиг баримт болон шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл, тээж яваа ачаа, бусад зүйлийг зохих журмын дагуу шалгуулна.
        Тайлбар: Дээр дурдсан эрх бүхий ажилтан тухайн жолоочийн хүсэлтийн дагуу түүнд албаны үнэмлэхээ үзүүлэх үүрэгтэй.

3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ:

        а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;

        Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

        Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гараж) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө;

        б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
 
       Тайлбар: Энэ заалт нь шуурхай албаны автомашины үүргээ гүйцэтгэж яваа жолооч, зорчигч, мөн биеийн эрүүл мэндийн байдалд үл тохирох заалт бүхий эмчийн магадлагаатай зорчигчид хамаарахгүй.

        в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;

        г/ хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх;

        д/ зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх;

        е/ зам тээврийн осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай саатаж зогссон (зайлшгүй зогсолт хийсэн) жолоочийн дохиогоор зогсож, бололцоотой тусламж үзүүлэх;

        ж/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх буюу тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэхийг, мөн шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвараа цагдаагийн эрх бүхий ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах;

        з/ зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих;

        и/ цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагын ажилтнаас дайчлах тухай тавьсан хүсэлтийн дагуу гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, байгалийн гамшиг, хүн, малын гоц халдварт өвчин зэрэг гэнэтийн аюул тохиолдсон буюу нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт хүрэлцэн очих, нүүлгэн шилжүүлэх, гэмт этгээдийг мөрдөн хөөх, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болзошгүй хүнийг эмнэлэгт, гэмт этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэхэд тээврийн хэрэгслээрээ үйлчлэх;

        Тайлбар: Дээр дурдсан ажилд тээврийн хэрэгсэл дайчилсан ажилтан тухайн жолоочийн хүсэлтийн дагуу түүнд явсан зай, хугацаа, өөрийн овог нэр, албан тушаал, үнэмлэхний дугаараа тэмдэглэж албан ёсны баримт бичиж өгнө. Үүнийг үндэслэн тухайн жолоочид учирсан хохирол, зардлыг холбогдох хууль, журмын дагуу нөхөн төлнө.

3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ:

        а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

        б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

        в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх;

        г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;

       Тайлбар: Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтанг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ.

        д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх.

3.6. Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-ын “г”-д заасан үүргээс чөлөөлөгдөж болно.

3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно:

        а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

        б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх;

        в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;

       г/ эрх бүхий байгууллагаас тогтоосон жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох;

       д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглах;

       е/ зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохиог сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, хэт чанга хөгжим дуугаргах;

        ж/ цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн буюу жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарах, тэдний хооронд байр эзлэх;

        з/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах.

Дөрөв. Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан
          тээврийн хэрэгслийн хөдөлгөөн

4.1. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон автомашин, мотоциклын жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан байна. Тусгай дуут болон гэрлэн дохионы өнгө, давтамж, хөг ая нь MNS 4979 “Тээврийн хэрэгсэлд ашиглах тусгай дуут болон гэрлэн дохио. Ерөнхий шаардлага” (цаашид стандартын зөвхөн дугаарыг зааж бичнэ) стандартад нийцсэн байна.

4.2. Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 7, 8 дугаар бүлэг (зохицуулагчийн дохиотой холбоотой заалтаас бусад), 10-17, 19, 20 дугаар бүлэг болон 1 ба 2 дугаар хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Тусгай дуут дохиогоо хамт ажиллуулсан тохиолдолд давуу эрхтэй байх бөгөөд давуу эрх эдлэхдээ бусад хөдөлгөөнд оролцогч өөрт нь зам тавьж өгч байгааг мэдсэн байвал зохино. Энэ эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна.

4.3. Шар өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажил гүйцэтгэж яваа болон гэмтэл, зөрчилтэй тээврийн хэрэгслийг шилжүүлэн зөөж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 9.3-ын “е”, 9.6, 11.2, 11.6-11.8, 11.10, 11.12, 20.1 заалт болон замын тэмдэг (2.11-2.14, 2.20, 3.2, 3.4-3.6 тэмдгүүдээс бусад), тэмдэглэлийн заалтыг мөрдөхгүй байж болно.

Мөн шар өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хүнд буюу овор ихтэй ачаа тээвэрлэж яваа (эсхүл ийм ачаатай тээврийн хэрэгслийг хамгаалж яваа) тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд замын тэмдэглэлийн заалтыг мөрдөхгүй байж болно.

Шар өнгийн тусгай гэрлэн дохио нь хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг өндөржүүлэх зориулалттай бөгөөд давуу эрх олгохгүй.

Тайлбар: Шар өнгийн тусгай гэрлэн дохиог тусгай дуут дохиотой хэрэглэхгүй.

4.4. Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан (шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад) автомашин, мотоцикл болон тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед бусад тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгөн, чөлөөтэй зорчих боломжийг хангана.

4.5. Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан (шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад) автомашин, мотоцикл болон тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийг гүйцэх, гүйцэж түрүүлэхийг хориглоно.

4.6. Улаан, хөх, хөх-улаан өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэл ойртон ирж, тусгай дохиогоо дуугаргах буюу чанга яригч хэрэгслээр зогсохыг шаардвал жолооч энэ дүрмийн 14.1-д заасны дагуу зогсох бөгөөд хэрэв өөр албан шаардлага тавибал түүнийг нэн даруй биелүүлнэ.

4.7. Тусгай гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэл зогсож байвал ойртон ирсэн жолооч шаардлагатай тохиолдолд нэн даруй зогсох боломжтой байхаар хурдаа хасна.

4.8. Зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйгээр тусгай дуут болон гэрлэн дохиог тээврийн хэрэгсэлд байрлуулахыг хориглоно.

Тав. Явган зорчигчийн үүрэг

5.1. Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) цуварч явна.

Тэрэг түрсэн, чарга чирсэн, овор ихтэй ачаа барьсан буюу жагсаалаар яваа, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй хүмүүс явган хүний зам, хөвөөгөөр явахад бусад явган зорчигчдод саад болохоор байвал зорчих хэсгийн захаар явж болно.

Явган зорчигч зорчих хэсгийн захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн эсрэг, харин хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй буюу мотоцикл, мопед, унадаг дугуй хөтөлж яваа хүн хөдөлгөөний чигийн дагуу явна.

Тайлбар: Нэг чигийн хөдөлгөөнтэй замын зорчих хэсгийн захаар явах тохиолдолд дээрх заалтыг мөрдөхгүй байж болно.

5.2. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. Мотоцикл, мопед, унадаг дугуй түрж яваа хүн тээврийн хэрэгслийнхээ гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуурыг халхлахгүй явна.

5.3. Жагсаалаар яваа хүмүүс зорчих хэсгээр явах тохиолдолд дөрвөөс илүүгүйгээр зэрэгцэж хөдөлгөөний чигийн дагуу баруун гар талаар явна. Жагсаалын зүүн гар талын захын урд болон ард, өдрийн цагт улаан дарцаг, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан, ард нь улаан гэрэл (эсхүл гэрэл ойлгуур) барьсан хүн харгалзаж явна.

5.4. Хүүхдийн жагсаалыг зөвхөн явган хүний замаар, явган хүний зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр хоёроос илүүгүйгээр зэрэгцүүлж зөвхөн өдрийн цагаар явуулахыг зөвшөөрөх бөгөөд урд болон ард нь (хүүхдийн тоо гучаас олон бол жагсаалын мөн дунд хэсэгт) насанд хүрсэн хүн хамгаалж явна.

5.5. Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа (энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд) өөрөөсөө салгахгүй (хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт) авч явна.

5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.

5.7. Хөдөлгөөний зохицуулгатай хэсгээр явган зорчигч зам хөндлөн гарахдаа явган хүнд зориулсан гэрлэн дохио буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэг рүү орох бөгөөд зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй байхад дохио өөрчлөгдвөл энэ дүрмийн 8.21-д заасныг баримтална. Явган зорчигчид зориулсан гэрлэн дохио байхгүй (эсхүл ажиллахгүй) бол явах чигийн өөдөөс хандан байрласан, зэрэгцээ хөдөлгөөний тээврийн хэрэгсэлд зориулсан гэрлэн дохиог удирдлага болгоно.
5.8. Замын дагуу үзэгдэлт халхалсан саад, зогсож байгаа тээврийн хэрэгслийн дэргэдүүр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино.

5.9. Явган зорчигч замын аль ч хэсэгт тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан (шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад) автомашин, мотоцикл болон тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийг урьдчилан өнгөрүүлнэ. Ийм тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед зорчих хэсэг дээр явж байсан явган зорчигч аль болох яаралтай зорчих хэсгийг чөлөөлнө.

5.10. Харааны бэрхшээлтэй хүн зорчих хэсгээр хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байвал зохих бөгөөд хэрэв зорчих баримжаа алдаж, явган хүний гарцын байршлыг тогтоож чадахгүй болсон буюу гэрлэн дохионы заалтыг мэдэх боломжгүй бол бусдын туслалцааг авах, ийм бололцоогүй тохиолдолд таягаар сайтар дохио өгч анхаарал болгоомжтой зам хөндлөн гарна.

Тайлбар: Цагаан таяг нь харанхуй үед гэрэл ойлгодог буюу гэрэлтдэг гадаргуутай байвал зохино.

5.11. Чиглэлийн тээврийн хэрэгсэл, таксигаар үйлчлүүлэх хүмүүс болон замын дагуух тээврийн хэрэгслээр зорчих хүмүүс зориулалтын хүлээлгийн талбай дээр, ийм талбай байхгүй бол зорчих хэсгийн хашлаганы гадна талд (явган хүний зам дээр буюу хөвөөний гадна захад), хайс, хашилтгүй хэсэгт хүлээх бөгөөд тээврийн хэрэгсэл ирж бүрэн гүйцэд зогссон үед зорчих хэсэг рүү орохыг зөвшөөрнө. Тээврийн хэрэгслээс буусны дараа зорчих хэсгийг нэн даруй чөлөөлнө.

5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно:

       а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах;

        б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;

        в/ зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, гар утас болон түүнтэй ижил

BACK TO TOP
Автомашины харьцуулалт