НүүрFAQ Бусад

Төмөр замын гарам нэвтрэх

14. Төмөр замын гарам нэвтрэх
14.1. Жолооч төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг (зүтгүүр)-ийг урьдчилан өнгөрүүлбэл зохино.
14.2. Жолооч төмөр замын гарамд ойртон очихдоо аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, дуут буюу гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно.
14.3. Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дуут дохио ажиллаж байхад, түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно.
14.4. Төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг хориглосон үед жолооч "Зогс-шугам" тэмдэглэл буюу 3.5 тэмдэг эсвэл гэрлэн дохионы өмнө, хэрэв эдгээр нь байхгүй бол хаалтнаас 5 метрээс багагүй зайд, хаалтгүй тохиолдолд төмөр замаас 10 метрээс багагүй зайд зогсож галт тэргийг өнгөрүүлнэ.
14.5. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
      а/гармын хаалтыг дур мэдэн нээх буюу өөрчлөх;
      б/гармыг гэмтээж болзошгүй машин механизмыг тээвэрлэхээс бусад байдлаар гаргах;
      в/цагт 8 км-ээс бага хурдтай явдаг машин механизмыг төмөр замын ангийн даргын зөвшөөрөлгүйгээр гаргах;
      г/гарам дээр тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй саад тохиолдсон үед гарам руу орох.
14.6. Төмөр замын гарам дээр жолооч зайлшгүй зогсолт хийвэл зорчигчдыг нэн даруй буулган, ослын дохионы гэрлээ асааж, гармыг чөлөөлөх арга хэмжээ авна.
Хэрэв гармыг нэн даруй чөлөөлөх боломжгүй бол:
      а/бололцоотой бол хоёр хүнийг төмөр замын дагуу гармаас хоёр тийш (ганц хүнтэй бол түүнийг замын байдал муу үзэгдэх зүг рүү) 1000 метрийн зайд явуулж галт тэргэнд зогсох дохио өгүүлнэ. Ингэхдээ тэр хүмүүст дохио өгөх журмыг зааварчилна;
      б/жолооч тээврийн хэрэгслийн дэргэд үлдэж дуут дохио өгнө;
      в/галт тэрэг ойртон ирж байгаа эсэхийг анхааралтай ажиглан, хэрэв ирж байвал угтан гүйж зогсох дохио өгнө.
Тайлбар: Дуут дохиог нэг урт, гурван богино хэмнэлээр, зогсох дохиог өдрийн цагт тод өнгийн сайн харагдах зүйлээр, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед гэрэл буюу галаар тойруулан даллаж өгнө.


Эх сурвалж: www.legalinfo.mn

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×