Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх

15. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх
15.1. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна:
      а/замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ.
Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно;
      б/замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана;
      в/чиргүүл чирч яваа үед чиргүүлийн оврын гэрлийг асаана.
15.2. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6.2-ын "в", 6.3-ын "в" заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.
15.3. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед чиргүүл чирч явах ба зогсохдоо бүхээг дээрх "Чиргүүлтэй тээврийн хэрэгсэл" таних тэмдгийг асаана.
15.4. Гэрэлтүүлүүрийг суурин газрын гаднахь замд хэрэглэхийг зөвшөөрөх бөгөөд өөдөөс тээврийн хэрэгсэл гарч ирсэн үед унтрааж байвал зохино. Түүнийг суурин газарт тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон автомашины жолооч албан үүргээ гүйцэтгэж явахдаа шаардлагатай үед хэрэглэж болно.
15.5. Манангийн гэрлийг цас, бороо орж байгаа буюу өтгөн манан будантай үед дангаар нь эсвэл хол, ойрын гэрлийн хамт хэрэглэнэ.
Тайлбар: Автомашинд хоёр, мотоцикльд нэг манангийн гэрэл тавина. Манангийн гэрлийг автомашины урд талд, хоёр хажуугаас нь 400 мм-ээс дотогш, том гэрлээс өндөргүй зайд тэгш хэмтэй байрлуулна.
15.6. Бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах зорилгоор өдрийн цагт дараахь тохиолдолд ойрын гэрлийг асаана:
а/цуваагаар яваа үед;
б/хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэж яваа үед;
в/хүнд буюу овор ихтэй, мөн аюултай ачаа тээвэрлэж яваа үед;
г/механикжсан тээврийн хэрэгслийг чирч яваа үед;
д/тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа үед.
15.7. Гэрэл шилжүүлэх дохиог өгөхдөө харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хол, ойрын гэрлийг ээлжлэн шилжүүлэх, өдрийн цагт асааж, унтраах байдлаар үйлдэнэ. Энэ дохио нь урд болон өөдөөс яваа жолоочийг гялбуулахаар бол хэрэглэхийг хориглоно.


эх сурвалж: www.legalinfo.mn
Өмнөх
Төмөр замын гарам нэвтрэх
Дараах
Хорооллын доторхи хөдөлгөөн