НүүрFAQ Бусад

Уулзвар нэвтрэх

12. Уулзвар нэвтрэх
12.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө.
12.2. Хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно.
12.3. Гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөний дараалал тогтоож байгаа уулзварыг зохицуулдаг уулзвар гэнэ.
Зохицуулдаг уулзвар нэвтрэх
12.4. Жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.5. Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.6. Зохицуулагчийн дохиогоор буцаж эргэхдээ зүүн гар талын замаас баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө.
Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх
12.8. Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.10. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.11. Уулзвар дээр гол зам чигээ өөрчилсөн байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Туслах замаар яваа жолооч нар өөр хоорондоо мөн энэ заалтыг баримтална.
12.12. Хөдөлгөөний дараалал тогтоосон тэмдэг байхгүй үед жолооч зорчих хэсгийн гадаргуугийн байдлыг тодорхойлж чадахгүй (харанхуй, манантай, цас орсон, бохирдсон зэргээс шалтгаалан) бол өөрийгөө туслах замаар яваад тооцно.


эх сурвалж: www.legalinfo.mn

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×