НүүрFAQ 1000 ЗӨВЛӨГӨӨ

ЯАГААД ТОС ИДЭЭД БАЙНА?

1000 КИЛОМЕТРТ 1 ЛИТР ХҮРТЭЛ ТОС ЗАРЦУУЛДАГ

Шинэ автомашины хөдөлгүүр тос их зарцуулах нь хэвийн үзэгдэл үү аль эсвэл хэм хэмжээнээс хэтэрсэн хэрэг үү? Автомашин ашиглах явцад тосны зарцуулалт хэрхэн өөрчлөгддөг талаар Михаил Колодочкин болон Александр Шабанов нар ярилцлаа.

Жолооч шинэхэн хөдөлгүүрийнхээ тосны шупыг нэлээн балмагдсан байдалтай харна. Уг нь эхний техник үзлэгээс өмнөх хагас гүйлтийг туулсан ч хамаг тосоо “идсэн” байх юм. Дээрээс нь 1000 километрт 1 литр хүртэл тос зарцуулдаг гэсэн зааварчилгаа толгой улам гашилгана. Тэгэхээр юу гэсэн үг вэ? 15 000 км тутамд 15 литр гэж ойлгох уу? Арай ховдог санагдахгүй байна уу?

Ер нь шаталтаас үүсэх тортогтой холбоотой тосны зарцуулалт гэдэг их ярвигтай хэмжүүр юм. Ашиглах хугацааг уртасган үрэлтийн алдагдлыг багасгахад их тос зарцуулдаг. Энэ нь ажлын дараалал, цилиндр поршений бүтэц болон хөдөлгүүрийн тосноос тус тус хамаарна.


(Ерөнхийдөө элэгдлийн хугацаа болон тосны зарцуулалт адил юм. Эхлээд багасч хэсэг хугацаанд хэвийн “идэж” байгаад буцаад өсөх хандлагатай байдаг.)

Гэтэл яагаад ямар ч эвдрэлгүй хөдөлгүүр их тос идээд байдаг билээ? Гол шалтгаан нь цилиндр дахь тортог юм. Тос нь поршений бүсийг хэвийн ажиллуулахаас гадна элэгдэхээс сэргийлдэг. Тиймээс поршен дээд туйлын цэгээс доош хөдлөх тоолонд поршений бүс цилиндрийн гадаргуу дээр үлдэгдэл тосны давхарга үүсдэг. Шатахуун шатах явцад 3-20 мкм зузаантай энэхүү тосны давхарга шатаж ууршдаг юм.

Хайруулын тавган дээр тосыг хэт удаан халаахад гал тогоогоор нэг хиншүү ялгардаг бөгөөд шүдэнз зурвал гал гаргачихаж ч мэднэ. Цилиндр доторх үйл явц яг үүнтэй адилхан.

Зүгшрүүлэлт хийхийн өмнөх болон дараах гадаргуун барзгарын ялгаа. Бараг 10 дахин зөрүүтэй байна:
1.    Зүгшрүүлэлтийн өмнөх цилиндрийн хана
2.    Тосон бүрхүүл
3.    Тосны ховилууд
4.    Поршений бүс
5.    Поршен
6.    Зүгшрүүлэлтийн дараах цилиндрийн хана
Нийт тосны алдагдлын 70-80% нь тортгоос үүдэлтэй байдаг. Үүнээс гадна тосны нэг хэсэг нь кастерийн агааржуулагчаар хийн хамт гадагшилдаг бол зарим нь клапангийн тосолгоонд үрэгддэг. Чухам хэр их гэдэг нь хуруувч резиний байдал, бүтцээс хамаарна.
Мөн ирээдүйд бүх хөдөлгүүрт суурилуулах болоод байгаа турбо компрессорын холхивч ихээхэн тослогоо шаарддаг. Байгаль орчинд аль болох бага хор хөнөөл үзүүлж, хөдөлгүүрийг жижгэрүүлэх болсон цагт ингэхээс өөр арга ч үгүй юм.
Юу ч гэсэн мөнөөх сандраад байгаа жолоочид анхаарлаа хандуулъя. Хөдөлгүүр их тос зарцуулах нь хэвийн хэрэг үү эсвэл муу зүйл үү?



Шинэ хөдөлгүүрийг зүгшрүүлэх нь нэн чухал юм. Автомашины сэлбэгүүд үйлдвэрээс шууд ирдэг болохоор мэдээж гадаргуун боловсруулалт харьцангуй барзгар байна. Жишээлбэл эхэндээ бүс болон цилиндрийн гадаргуун барзгар 2-3 мкм зузаантай байдаг. Үүнд, бүс цилиндр хоёрын хооронд дахь зай нь эдгээр барзгарын нийлбэрээс гурав дахин илүү байсан тохиолдолд поршений бүс хэвийн ажиллагаанд ордог. Ийм болохоор эхэн үед үрэлтийн алдагдал их байдаг.
Хөдөлгүүр ч үүнээс болж нэлээн “манарч” эхэлдэг. Гэхдээ зүгшрүүлэлт дуусахад үрэлтийн гадаргуу хоорондоо эвлэж гөлгөр болсноор барзгарын хэмжээ бараг 0,3-0,5 миллиметрээр буурдаг. Ингэснээр бүс зөв хэлбэрт орж, үрэлтийн хүч буурахаас гадна элэгдэл хэвийн болно. Өөрөөр хэлбэл хөдөлгүүр зөв ажиллаж эхэлнэ гэсэн үг.
За тэгвэл зүгшрүүлэлтийн явцад тортог яадаг вэ? Анхнаасаа жижиг овон товон гадаргуун ховилд цаашид тортогтой тос хуримтлагддаг (зураг хар). Тиймдээ ч шинэ хөдөлгүүрийн гадаргуу тэгш бус болохоор тосны зарцуулалт ч бага биш байх нь. Үүнээс гадна поршений бүс цилиндрийн гадаргуутай хэрхэн харьцаж байгааг илэрхийлдэг хэмжигдэхүүн байдаг. Үүнийг шалгахын тулд угсарсан цилиндрийг гэрэлтүүлнэ.
Поршенгийн бүс болон цилиндрийн ханын завсраар өвсний хадуур шиг хэлбэртэй завсар байвал дутуу шахаж байна гэсэн үг. Завсар том байх тусмаа шатах хөндийгөөс кастер руу их хэмжээний хий алдагдаж эргээд кастераас шатах хөндий руу тос ордог. Тэгэхээр энэ зайг битүү болгохын тулд сайн зүгшрүүлэх хэрэгтэй юм. Тэгж байж тортогтой тос давхар багасна.




Зүгшрүүлэлт дуусаж, гадаргуун барзгар харьцангуй багассанаар цилиндр дээрх ховилууд алга болно. Ингээд тортог багасаж бүс ч улам наалдаж өгнө. Тэгэхээр хөдөлгүүр хэвийн ажиллагаанд орж тос ойр ойрхон солих шаардлагагүй болно.
Сайхан бүхэн эцэс төгсгөлтэй гэгчээр хөдөлгүүр “мөхөх” болоод ирэхээрээ их хэмжээгээр элэгддэг. Иймд, тортогийн хэмжээ ихсэх ч үүнд өөр хүчин зүйл нөлөөлнө. Цилиндрийн гадаргуун дээр нөгөөх ховилууд шиг хагархай, завсар, өө сэв үүсдэг. Поршен болон бүс элэгдэж зай завсар томорно. Хамгийн аюултай нь тосны бүс бага багаар ажиллагаанаас гарч тэлэх чадвар сулрах явдал юм. Харин бүс гацаж хөдөлгөөнгүй болсон тохиолдолд тос идэлт шатахууны зарцуулалттай дүйцэж жинхэнэ баларлаа л гэсэн үг. Хөхдүү өнгийн муухай үнэртэй утаа гарах, өглөө удаан асах, сул ажиллахдаа чичрэх шинж тэмдэг гарна...
Дүгнэж хэлэхэд
Шинэ хөдөлгүүр их хэмжээний тос зарцуулах нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ анхны техник үзлэгийн дараагаар их идээд байвал байдал мууджээ гэж ойлгож болно. Иймд, эндоскоп буюу дурангаар цилиндрээ оношлуулах хэрэгтэй юм.
Хуучны автомашинтай харьцуулахад сүүлийн үеийн хөдөлгүүрийн шатахууныг тоосруулан цацаж илүү их өндөр температуртай шатах процесс нь тосыг ууршуулж их зарцуулах нь ойлгомжтой. Жижгэрүүлсэн хөдөлгүүрийн хувьд ч тэр ажлын эзлэхүүн багасах тусам ачаалал ихсэж, турбин илүү их тослогоо шаардаж эхэлдэг. Гэхдээ энэ тэс ондоо сэдэв юм.


Эх сурвалж: news.cardoctor.mn
Та Японоос орж ирсэн баталгаатай, бэлэгтэй, хямд автомашинууд үзэх бол ЭНД ДАРНА уу!

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×